Ярилцлага №2

2013-01-24 Бид Монголын АА төвийн вэб сайт дээрээ сар бүр нэг гишүүнтэй чин сэтгэлийн ярилцлага өрнүүлж байхаар шийдсэн билээ. Ингээд танд 1-р сарын зочноор оролцохыг зөвшөөрсөнд уншигчид болон олон олон АА-ийн гишүүдийнхээ өмнөөс талархаж байна.

  1. Уламжлал болсон эхний асуултаар ярилцлагаа эхэлье. Та АА-д хандаад хичнээн хугацааг өнгөрөөв. Энэ хугацаагаа товч дүгнэвэл.

Яахаа ч мэдэхгүй будилж явсаар байгаад зүгээр л үхэхийг хүсч явсан хүн энд орж ирээд гарцаа олсон. Одоо яваад 6 жил болж байна. Энэ хугацаанд би өөрөө эрүүл явах ёстой юм байна, эрүүл яваад байхад энгийн амьдралаар амьдраад яваад байж болдог юм байна гэдгийг эдгэрлийн хөтөлбөрөөс олоод мэдсэн. Тэгээд энэ цуглаанд цаг хугацаанд нь таслалгүй байж байснаар би эрүүл явах боломжтой юм гэдгийг ойлгосон.

  1. Архины хор уршигийн талаар та өөрийн амьдралд туулж өнгөрүүлсэн туршлага дээрээ үндэслэж бусад энэ асуудалтай хүмүүст хандаж хэлбэл.

Би бас нэг ийм ярилцлаганд оролцох гээд байгаан. АА-ийн бус ярилцлага. Гэхдээ тэрэн дээр би бусдын нууцлалыг чандлан хадгална. Өөрийн хариуцлагаа бүрэн хүлээнэ яагаад гэвэл ямарваа нэгэн камер энэ тэр ажиллах юм шиг байна лээ. Тэрэн дээр би зөвхөн өөрийгөө л ярья гэж, дараа нь надад ирэх хор хохиролыг би өөрөө даая гэж байгаан. Зөвхөн өөрийгөө л ярья. Бусдад юу гэх вэ гэхлээр миний нүдэн дээр яг харагдаад байгаа, яг миний замаар яваад байгаа, харсаар байтал огт уудаггүй байсан өнөөх жоохон хүүхдүүд чинь жилийн дараа гэхэд уугаад маргааш өглөө нь пиво энэ тэр ууж шараа тайлж байгааг ажил дээрээ хараад бүгдэд нь хэлж явдаг л даа.

Та нар аль болохоор боличихийг бодоочээ. Наадах чинь амьдралд огт хэрэггүй юм байна лээ гэж үр хүүхэддээ ч гэсэн дандаа хэлдэг. Нэг мэдсэн чинь сургаал хайрлах дуртай ч болцон юм шиг. Гэвч би уул нь сургаад байх шаардлагагүй юм байна, зөвхөн өөрөө өөрөөрөө харуулах ёстой юм байна л даа.

  1. Одоо танд ямар нэгэн шаардлагаар архитай орчинд ороход хэцүү байдаг уу? Энэ үед хэрхэн уухгүй давж гардаг вэ?

Энэ архи ёстой янзын. Яагаад вэ гэсэн чинь тийм орчин уул нь зүгээр энгийн орчин юм байна лээ. Ууж идэж болдог, хүмүүс стрессээ тайлдаг, тэрийг тохируулж хэрэглэж чаддаг хүмүүс байдаг л юм шиг байна лээ. Миний хувьд бол чадахгүй, тийм газар байхаар дотор давчдаад, хүн амьтан намайг чи хэзээ ийм байсан юм гээд л хэлэхэд миний дургүй хүрээд л хачин болоод л, тэгснээс би тэнд байгаагүй нь дээр байдаг. Би хааяа боддогийн хэрвээ би уух л юм бол миний амьдрал ахиад л буцаад байсан байрандаа очно, тэгээд үхэж л дуусна гэдгийг энэ хөтөлбөр дээрээс бага сага анзаарсан болоод ч тэр юмуу, би тэрийг байсан ч уумааргүй санагддаг. Өнөөдөр л уухгүй гэж, маргааш яахыг би мэдэхгүй ингээд ярилцаж сууж байснаа ууцан байхыг үгүйсгэхгүй, тэр минессотагийн тодорхойлсон архинд донтох F10 буюу архины зан үйлийн сэтгэцийн эмгэгтэй хүн болохоор би өөрийгөө архинд толгойгоо мэдүүлж амьдралд шалдаа буутал бууж өгсөн гэдгээ мэддэг учир архитай орчинд аль болох очихыг хүсдэггүй юм. Гэхдээ бусадтай адил дуулах үед нь дуулж, уухгүйгээр цагийг өнгөрөөсөөр ирсэн.

  1. АА төвд хандсанаас хойш таны амьдралд ямар ямар өөрчлөлт гарсан бэ?

Би амьдралд алдаад гудамжинд хэвтэж байсан хүн. Юу ч байхгүй бүх итгэл найдвараа алдчихсан байсан. АА-д хандсанаар хүн болгон надад итгэдэг болсон, надаар овоглодоггүй байсан хүүхдүүд маань надаар овоглодог болсон. Тэгээд би өнөөдөр эрүүл яваад байвал маргаашийг би утга зорилготой угтаж болох юм байна гэдгийг л мэдэрсэн.

  1. Энэ жил Монголын АА-ийн 15 жилийн ой болох гэж байгаа. Та өөрийн бодлоор АА нийгэмлэгийн талаар хүмүүст тайлбарлаач.

Уг нь тайлбарлая гэж их боддог байсан. Тайлбарладаг ч байсан. Би урьд нь дандаа тайлбарлаж тэгээсэй ингээсэй алдчихаасаа өмнө нь ороод ирээсэй гээд байдаг байсан чинь би тэгэх ёсгүй байдаг юм байна. Тэгэхээр энэ хүмүүс тодорхой цаг хугацаанд энэ АА-ийн босгыг даваад ороод ирсэн тохиолдолд өөрөө ойлгох ёстой юм байна. Тодорхой цаг хугацаа өнгөрөхөд хүмүүс ойлгоод эхэлдэг юм байна лээ гэдгийг мэдэрсэн.

  1. Мэдээж архи огт амсалгүй тодорхой хугацааг өнгөрөөхөд таны биеийн эрүүл мэнд болон бусад зүйлсэд тодорхой сайн тал бий. Хамгийн гол нь оюун санааны хувьд танд хэрхэн өөрчлөлт мэдрэгдэж байна.

Эхлээд яг сайн ойлгохгүй будилна мэдэхгүй учраас. Энэ хөтөлбөр гэдэг юмыг би том философи гэж ойлгодог байсан. Тэгсэн энгийн архичин надад л зориулчихсан тийм хөтөлбөр байсан. Оюун санааны хувьд өөрчлөгдөхийн тулд зайлшгүй энэ эдгэрэлтийн хөтөлбөрийг дагаж мөрдөх шаардлагатай юм байна. Яагаад гэхлээр би урьд нь тэр амьдралыг баллаад хаячихсан болохоор өөрөө маш их хүсэж, хичээж, хамаг хүчээ дайчлан энэ хөтөлбөрийг дагаж мөрдөх ёстой, зарим нэг алхам хөтөлбөрийг мөрдсөний үр дүнд би амьдралын бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн. Нэгдүгээр алхамыг бүрэн төгс болгохын тулд бусад алхам нь цогцлон бүрддэг юм байна. Зургадугаар алхам дээр “Нэгдүгээр алхам туйлын төгс байдлыг шаардана, бусад алхам нь туйлын зорилгыг тодорхойлно” гэж байдаг. Тэгэхээр би энэ хөтөлбөрийг дагаж мөрдөөд л явна. Ямар ч байсан тодорхой хэмжээнд ойлголттой болсон.

  1. АА-ийн гишүүд “Өнөөдөр л уухгүй юм шүү.” гэж өөрсөддөө хэлдэг. Энэ үгийг та өөрийнхөө ойлголтоор тайлбарлаж өгөөч.

Би амладаг байсан орж ирчээд удаагүй байхдаа “одоо би та бүгдийнхээ итгэлийг алдахгүй ээ” гэж янз янзын юм ярина, хойшид архи уухгүй энэ тэр гэж байгаад л уучихдаг байсан. Түрүүн хэлсэн өнөөдөр л би уухгүй байснаар эрүүл саруул сэтгэх юм байна. Маргаашийн юм маргааш л байдаг юм байна. Би өнөөдрийн ажлаа маргааш маргааш гэж хойшлуулснаар маргаашийн амьдрал алдагдчихдаг юм байна гэдгийг л ойлгосон.

  1. Таны ойр орчны хүмүүсийн танд хандах хандлага ууж байсан үе, одоо үетэйгээ харьцуулбал.

Саяхан ээж маань нас барлаа. Тэгэхэд надад мөнгө хялаалгах нь байтугай надаас хамаг юмаа нууж зугтаадаг байсан тэр хүмүүс бүх юмыг надад даатгаж, итгэж би тэр бүх ажил явдлыг удирдаж ээжийгээ хойдхын замд нь үдэж явууллаа. Надад бүгд итгэдэг болсон. Гэхдээ энэ их итгэлийг алдахгүй байх хариуцлага гэдэг маань л хамгийн чухал юм байна лээ. Би энэ итгэлийг алдахгүй байх ёстой, тийм ч учраас АА-ийн цуглаандаа өнөөдөр л би сууж байх ёстой. Өөрийгөө хуурах хэрэггүй юм байна.

  1. Шинээр амьдралд хөл тавьж байгаа залуустаа хандаж та юуг хэлмээр байна.

Энэ л надад байнгын бодогддог. Бас өрөвддөг, яагаад гэхлээр энэ хүмүүс өөрөө алдаж байж л ойлгоод байдаг. Хэлээд ойлгодоггүй юм байна лээ. Ухаантай хүн бусдын алдаан дээрээс суралцаж ойлгоод болдог байх. Над шиг ийм архичин хүн бол өөрөө алдаж байж л сурдаг юм байна.

  1. Архидалтын эсрэг янз бүрийн аргаар хүмүүс тэмцдэг. Сэтгэл засал, спирал, кодлуулах, лам бөө гээд л… цөөн хэсэг нь АА-д ханддаг. Заавал бүх зүйлээ алдаж, шалдаа буун байж ойлгох, ойлгохгүй өнгөрөх нь ч их бий. Архинаас болж асуудалд нэг биш удаа орж, өөрийгөө хянах хяналтаа үе үе алддаг хүмүүст хандаж та юу гэж хэлэх вэ?

Чин хүсэл. Гэхдээ архичин хүн болгон архиа уухаа больё гэж боддог. Би ганцаараа шийдэх гэж оролдоод байдаг байсан. Тэгсэн чинь хамтын ухамсарт цогцлон бүрдсэн энэ бурханы хайрыг хүртэж байж шийдэгддэг юм байна. Тэгэхээр эдгээр хүмүүст хандаад хэлэхэд ирээчээ л гэж хэлмээр байдаг. Гэхдээ ирээчээ гээд байхлаар би хүний шахалтаар болоод явчихдаг. Тэгэхлээр энэ хүмүүс алдсан хойноо орж ирээд байгааг би энэ 6 жилийн хугацаанд олж харсан. Тэгээд орж ирсэн хойноо арай эрт орж ирэхгүй яав даа гэж харамсаж байгаа хүмүүс байдаг. Ууж байх хугацаандаа би спирал тавиулж байгаагүй. Лам бөөгөөр явж байсан. Нэг лам дээр очоод 6 сар уухгүй явсан, яагаад гээд одоо бодохоор би тэр үед зүгээр л айсан юм байна лээ. Тэр хүн намайг үхнэ гэсэн болохоор оюун санаандаа үхэхгүйн тулд гээд уухгүй яваад байсан юм байна лээ. Тэгээд шаталтанд орж ирээд за одоо үхсэн ч яахав гээд уусан чинь үхээгүй. Тэгэхээр хүн өөрийнхөө бодлоор л амьдардаг юм байна. Түрүүн хэлсэн ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг гэж алдаагүй байгаа дээрээ ороод ирээсэй гэж их хүсдэгийн. Манай орон нутагт архи уудаггүй хүүхдүүд цуглаанд зөндөө явдаг. Би тэр хүүхдүүдэд маш их баярладагийн. Чамайг харахаар атаархаж байна, чамд урд чинь маш их боломж байна гэж би хэлдэг.

  1. АА-д бусдын нэрийг дурдахгүй, энд ярьсан бүхэн эндээ л үлдэнэ гэдэг. Адил зовлон бэрхшээлийг даван туулахаар хамтран нэгдсэн нөхөрлөлийнхөө талаар бодлоо хуваалцаач.

Энд яахав тэгэхгүй ингэхгүй гэсэн зүйл байхгүй л дээ. Тэгэхгүйг хичээх хэрэгтэй л гэж байдаг. 12-р алхам дээр байдаг өдөр тутмынхаа ахуй амьдралд хэрэгжүүлэхийг хичээн оролддог гэж. Уусан он жилүүдийнхээ алдааг арилгахын тулд магадгүй тэр он жилүүдтэй дүйцэх хэмжээнд эрүүл саруул явах хэрэгтэй байх. Тэгэхээр миний анхдагч зорилго бол зүгээр л эрүүл байх.

  1. Ингээд сүүлийн асуултыг танд үлдээе.

Миний хувьд гэж ярих нь энэ АА-д их зүгээр юм шиг санагддаг. Тэгээд энэ олон жилийн эдгэрэлтэй андуудын маань туршлага бол надад ном юм байна. АА-ийн 2 том цэнхэр номонд анхдагч 13 гишүүдийн алдаж онож явсан түүх байдаг юм байна лээ. Тэр хэдий олон сайхан сургаалтай ном боловч надад амьд жишээнүүд маш олон байдагт баярладаг. Монголын АА-ийн 15 жил болох гэж байна. 15 жил уугаагүй энэ сайхан андуудаа хараад тэдний амьдралаас суралцаад явах нь надад амьд ном буюу Монголын АА-ийн том ном нь эдгээр хүмүүс юм байна гэж боддог. Тэгээд энэ хүмүүсийн ярьсан хэлсэн бүхэн миний амьдралдаа барих зарчим юм байна лээ. Тэрний үндсэн дээр би эрүүл явж болох юм байна лээ гэдгийг л ойлгож мэдсэн. Чин сэтгэлээсээ хэсэгхэн хором бидэнтэй ярилцсан таньд баярлалаа. Таньд итгэл үнэмшлээ улам бэхжүүлж, олон олон архинд шаналж зовж яваа хүмүүст тусламжийн гараа сунгана гэдэгт итгэж, эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *