Ярилцлага №5

2015-03-18 Цэргийн баярын өдөр нэгэн андаас ярилцлага авсанаа ийнхүү оруулж байгаадаа баяртай байна.

  1. Ингээд уламжлал болсон эхний асуултаар ярилцлагаа эхэлье. Та АА-д хандаад хичнээн хугацааг өнгөрөөв.

АА-д хандаад 5 жил болж байна сая. Энэ хугацаагаа товч дүгнэвэл олон зүйл өөрчлөгджээ. Өмнөх архидалттай амьдралтайгаа харьцуулашгүй өөр түвшинд зарим талаараа хүрсэн гэж бодож байна. 5 жилийн эдгэрлийн баяр (Дэлхийн АА-гийн хаа сайгүй тэмдэглэдэг) дээрээ гадна талд бодитоор өөрчлөгдсөн зүйлсийнхээ талаар ярьсан. Шинээр хүмүүс их орж ирсэн байсан учраас. Тэрэн дээр хүмүүст ойлгогдохоор ярьсан гэж бодож байна. Би бол сайн хүн болчихоогүй, гэхдээ зан чанарын алдаа дутагдалтайгаа 12 алхам хөтөлбөрийн дагуу ноцолдоод л явж байна. За яахав АА-д орсон жилээсээ эхлэн дээд сургуульд орлоо. Одоо төгсөөд дипломоо авч байна. Бас нэг үйлдвэр байгууллаа. Үйлдвэр маань нутаг орондоо олны танил брэнд, аймаг орон нутгийн захиргааны олон хүндтэй шагналыг аваад брэнд маань одоо орон даяар тарж эхлээд амжилттай явж байна. Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан болж байна гэх мэт олон өөрчлөлт гарч байна. Дотоод зан чанарын хувьд тийм ч сайн хүн болчихоогүй ч оролдоод хичээгээд явахад өмнө нь итгэдэггүй байсан ах дүү нар эргээд хандаж эхэлж байна. Ингээд яриад байвал их л зүйл байна л даа.

  1. Архины хор уршигийг юу гэж ойлгодог вэ?

Анх архийг ууж эхэлж байхад, миний үед гэхиймүү архи уусан хүмүүс мундаг том ах, хурдан том хүн болмоор санагддаг, мундаг хүн болохыг хүсдэг. Архийг анх 10-р анги төгссөн хойноо уусан байдаг. Хонхны баяр дээрээ анх ууж байсан. Тэрний дараагаар найзуудтайгаа нийлж ууж байсан. Анх уухдаа л тасартлаа уусан байдаг. Архи уухаар л нэг л их зоригтой болчихно, айдаг атаманаасаа айхгүй байх эсвэл хэнтэй ч хамаагүй нүүр хагарч чөлөөтэй ярих, эмэгтэй хүнтэй очоод ярихдаа хүртэл чөлөөтэй зоригтой байхын тулд ч юмуу. Дараагаар нь тэр үед эд газар авч байсан non stop, top ten, hollywood, motorock баарнууд ажиллаж эхэлж байхад тэнд ороод л хэсэг бүлэг баарддаг хүмүүсийн нэг болчихсон, тэр үед наймаа хийдэг өөрийгөө их л мундаг хүн гэж боддог байлаа. Бааранд бол тасартлаа ууна, тэгээд хамгийн сайхан зүйл бол энэ л гэж бодож явсан байдаг. Энэ бүхэн удаан үргэлжлээгүй л дээ. Нэг л өдөр хямдхан архи ууцан, архиа ундаагаар даруулах боломжгүй усаар даруулж уудаг болчихсон байсан. Бүх найз нөхөд хүмүүс зайгаа авч эхэлсэн байдаг. Тэгээд хамт уусан хүмүүстээ өнгөрсөн үеэ ярьж томорч ярьж суудаг л болж хувирсан байсан. АА-ийн цуглаанд 2дахь өдрөө сууж байхад “Архины хор уршиг” сэдвээр явж байсныг санаж байна. Тэр үед л архи эд хөрөнгө, байшин, машин, эхнэр хүүхдээсээ салах гэхээсээ илүү намайг авчихсан юм байна гэдгийг ойлгосон. Архинд өөрийгөө алдсан гэдгээ ойлгосон. Тэгээд АА-д ирсэнээр цаг хугацаа өнгөрөх тусам өөрийгөө эргэн олж авсан байдаг. Хэнтэй ч хамаагүй эрүүл саруулаар чөлөөтэй ярилцдаг болсон байна. Өчигдөрхөн гэхэд л сайдтай чи бид хоёр ингээд ярьж байгаа юм шиг чөлөөтэй сайхан бизнесийнхээ талаар ярилцаж суулаа. Би бодсон сүүлийн 5 жилд эргээд өөрийгөө олж авахаар явж байгаан байна гэдгээ. Төрөхдөө анх ийм төрөөгүй шдээ, манай хөтөлбөр дээр байдаг “Эрүүл саруул ухааныг эргэн ирж, ахин өгнө” гэж. Анх мэдээж сайхан амьдрана, бүх зүйлийг сайн сайхнаар л төсөөлж амьдралд хандаж байсан шүү дээ.

  1. Одоо зайлшгүй тохиолдлоор олон нийтийн арга хэмжээ, хүлээн авалт, архидалттай орчинд ороход өөрийгөө хэрхэн авч гардаг вэ?

Ойр дотныхон найз нөхдийн нийллэг эд нарт очоод найзууд маань намайг ганц нэг татчих, юун сүртэйн гээд шахах болов уу гэж бодож байсан чинь тэгсэнгүй. Тэгэхээр би ойр дотны найз нөхдийнхөө хувьд энэ маань одоо битгий уугаасай гэж бодогдтол нь архи уусан байгаа юм. Эхний очсон нийллэг дээр Өө болоошдээ гэдэг байгаа. Тэгэхлээр нь дотроо жоохон дургүй хүрч байлаа. Би чинь компаний захирал хүн, би яадгаа алдчихсан архичин биш гэж бодоод байсан байгаан өөртөө. Гэтэл аль багаас хамт яваад ирсэн нэг ангийн найзууд маань мэдэж л байдаг юм байна л даа. Энэ маань хичнээн сайхан явжаагаад архинаас болоод жоохон уруудаад, гал нь буугаад байгаан гээд л анзаарч л байдаг юм байна л даа. Бас сайн мэдэхгүй хүмүүсийн дунд архитай орчинд, жишээ нь сая их сургуулиа төгсөөд төгсөлтийн баяр болж байхад анхнаасаа би архи ууж болохгүй ээ боломжгүй гэдгээ хэлээд тайлбарлах, бүүр цаашлаад гайгүй дотно нэгэндээ болохоор би архинаас татгалзах гэж зүдэрч явна гээд л өрөвдүүлэх жишээний аргууд хэрэглэнэ. Гэхдээ заавал би АА д явдаг гэж хэлэх шаардлагагүйгээр тайлбарлачихна. Тэгээд нөгөө ойлголцсон хүмүүс маань бусдаас манай энэнд өгч хэрэггүй гэх жишээний миний өмнөөс намайг аваад гарчих жишээтэй. Хамгийн гол нь би өөрөө энэ цуглаанд ирсэнээр архийг ууя гэсэн хүсэл байхгүй болчихсон болохоор бусад зүйлс асуудалгүй болдог. Тэр хүсэл яагаад бий болсоныг би сайн мэдэхгүй. Энд яваад л ямар нэг хүч үйлчилж байгааг мэдэж байна.

  1. Таны гэр бүлийнхэн болон ойр дотныхон тань АА-гийн талаар ямар ойлголттой байдаг вэ?

Анх цуглаанд явж эхэлснээсээ эхлээд л гэр бүл, ойр дотны найз нөхөддөө энд явж байгаа талаараа нуугаагүй хэлчихсэн. Гэхдээ одоо энэндээ харамсдаггүй. АА-гийн нийгэмлэг хичнээн сайхан газар гэж бодно. Энд хүмүүс зөвхөн архинаас татгалзахаас гадна, аз жаргалтай эрүүл саруулаар амьдрах талаар ярилцаж байдаг талаар хэлж тайлбарласан. Зарим хүмүүсийн хувьд чи тэгтлээ их архичин болцон юмуу, АА д явна гэдэг чинь бүүр доошоо орсон хүмүүс явдаг шд гэх мэтийн эсэргүүцлүүд ирж байсан. Тэр битгий хэл миний ээж хүртэл миний хүү арай ч архичин бишээ гэж хүртэл хэлж байсан. Тэр хүмүүсийн буруу юу байхав, намайг өмөөрөөд байна шд. Үгүй ээ ээж минь тэгж ярьж болохгүй, тэгж ярьвал би чинь онгироод давраад архиа уугаад явчихаж мэднэ шүү гэх мэтчилэн зүйлс анх тохиолдож байсан. Өнөөдөр бол энэ байдлыг маань бүгд дэмждэг, эсэргүүцдэг хүн нэг ч байхгүй.

  1. Өнөөдөр 3 сарын 18-ны өдөр, Монгол эр цэргийн баярын өдөр. Архидалт ер нь баярын үеэр ихэсдэг. Ийм баяруудыг хэрхэн хүлээн авч байна.

Би яг 5 удаагийн цэргийн баяр, шинэ жил, наадам, цагаан сарыг архигүй тэмдэглэж байгаан байна. Яг үнэнийг хэлэхэд архи ууж байхад би баяр гэдэг ойлголтыг мэддэггүй байсан юм байна лээ. Баяр гэдгийг баярлах ёстой, баярлах ёстой гэдгийг архи ууж баярлах ёстой гэж боддог байсан. Архи ууж байж л тэр сэтгэл хөөрнө, өнгөрснөө мартана, онгирно, би мундаг гэж цээжээ дэлдэнэ, баярлана гэж энийг л ойлгодог байлаа. Баяруудын тэр сайхан үйл ажиллагаанаас авах таашаал мэдрэмжийг мэдэхгүй, архи л ууж байж сайхан байна гэж боддог, архичин хүн болохоор л архиа л ууж байж баярын уур амьсгалыг мэдэрнэ, тэрийгээ баяр гэж боддог. Өнөөдөр эрүүлээр баярлаж байж ойлгож байгаан. Өнөөдөр гэхэд л сайхан баярын өдөр хүн бүр завгүй ажилтай байдаг бол завтай байх жишээний, хамт кофе ууж суунгаа зовлон жаргалаа ярилцах дуртай болсон байна. Баяр гэдгийг бага багаар ойлгож эхэлж байна.

  1. Ямар шалтгаанаар архийг уугаад байдаг байсан бэ? Нууц биш бол.

Архи бол ил хэлбэр. Архи уугаад байгаа цаад шалтгааныг авч үзэх ёстой гэсэн АА-гийн 12 хөтөлбөрийн дагуу, эдгэрлийн хөтөлбөрийн дагуу өөртэйгөө ажиллахгүй бол эргээд архичин хүн архи уух магадлалтай байдаг. Цаашид энэ хөтөлбөрийн дагуу яваад үз гэсэн саналын дагуу хүлээн зөвшөөрөөд явж байна. Тэгсэн чинь 4-р алхам гээд байдаг юм байна. Усны нэг арзгар арзгар мийн байдаг шд. Тэр мийн болохоор гадны ямар нэг биет, хөлөг онгоц ирээд мөргөхөд тэсэрдэг. Би яг тэр арзгар мийн шиг гэж боддог. Архи уухад хэзээд бэлэн яг тэр мийн шиг байж байдаг. Жишээ нь хэн нэгэн ямар ч шалтгаангүй хотоос ирэхэд л би түүнтэй архидаж хариу урвал үзүүлдэг. Хэн нэгэн баярлуулахад архиддаг, хэн нэгэн гомдооход архиддаг. Ерөөсөө яг тэр мийн шиг цэвэр архичин болцон байна шд. Би өөрөө архидаад байсан юм байна лээ. Хүмүүс намайг архидуулаагүй. Би яагаад архичин болцийн гэж. Жоохон мөнгө олохоороо баяны дүрд тоглодог, хүмүүст тоогдох гэж, хүмүүсийн анхааралд өртөх гэдэг, хэн гэдгээ харуулах гэдэг хүсэл. Хүмүүст их гомдож явдаг, тэгсэн хэрнээ хүнд муугаа харуулахыг хүсдэггүй, мундаг гэж харагдахыг хүсдэг. Өр тавьж байгаад ч хамаагүй дэлгүүрээс арай үнэтэй архи авч дайлах жишээтэй. Өнгөрсөн амьдралдаа дандаа гутарч явдаг. Архи л уухаараа орчлон хорвоог арай гайгүй өнгөөр хардаг.

  1. Одоо согтуу хүн харахаар ямар бодол төрдөг вэ?

Яг одоо бол согтуу хүн харахаар өрөвддөг. Боломж уул нь байгаа шдээ гэж дотроо боддог. Анх сэтгэл хөөрлөөр согтуу хүмүүсийг хараад очоод АА-гийн талаар ярьдаг л байсан. Тэр хүмүүс хэзээ ч хүлээж авахгүй. АА-гийн саналыг доромжлол гэж хүлээж авна. Би чам шиг архичин болчихоогүй гэх мэт. Одоо бол хүсэл байдаг. Дотроо өрөвдөж боломж олдвол зөвөөр тайлбарлаад нэг АА-д авааччих юмсан гэж. Урд нь бол согтуу хүнийг харахаар үзэн ядаад л, ингэж болохгүй тэгж болохгүй гэдэг байсан. Одоо бол өвчинийг нь ойлгодог болсон. Энэ хүн бол яг ингээд өвчлөөд л явж байгаа гэж. Манай ах бол өнөөдөр уугаад л явж байна лдаа. Миний хамгийн том ах. Өвчин л юм даа. Жишээ нь одоо ханиад хүрсэн хүнийг ахиад ханиах юм бол буудна шүү гэсэн ч тэр хүн чинь өвчтэй л юм чинь ханиалгаад л буудуулна шд. Тэрэнтэй адилаар ахиад уувал дэмий шүү гээд нэмэргүй ахиад л уугаад л явж байдаг. Ийм жишээ зөндөө л байна шд. Аав нь, ах нь, хүүхэд нь уугаад байдаг. Энийг өвчин гэдэг талаар нь ойлгоод эхлэх юм бол тэгж айхтар үзэн ядахаа больж, аль болох туслах талаас нь бодож эхлэх байх.

  1. Нилээд их архины талаар ярьчихлаа. Архины асуудлаас гадна АА-гийн юу нь таныг өөртөө татдаг вэ?

АА-д ирээд сууж үзчихээд явцан. Тэгээд хэдий явсан ч 3 хүний 2 нь заавал эргэж ирдэг гэсэн практик тоо байдаг юм байна лээ. АА нийгэмлэгийн гал халуун аминчлахуй, чин сэтгэлээсээ цэвэр ямар ч нэмэр хачиргүй өөрийн амьдралын бодит үнэнийг ярьж байгаа энэ цуглааны уур амьсгал хүнд хэзээ ч муухай сэтгэгдэл өгдөггүй гэж би ойлгодог. Тэгэхээр АА цуглаанд нэг л ирээд суугаад үзэхэд болно гэж хэлэх гээд байгаан. Гадаа ийм чин сэтгэл хэзээ ч байдаггүй л дээ. Тэнд бол ашиг сонирхолын найзууд, надад урд нь архины найзууд байсан шиг. АА ийн нөхөрлөл бол яг нэг зовлон асуудал дээр суурилсан, тэр зовлон нь надад байсан. Энэ нь хамгийн их таалагддаг болохоор байнга тасралтгүй явдаг даа.

  1. Архины асуудалд шаналж учраа олохгүй яваа залуу, яг хийж бүтээх тань шиг насан дээрээ яваа хүмүүст хандаж юу гэмээр байна.

Миний үндсэн алдаа бол ийм байсын. Энэ бол нийтлэг хүмүүст байдаг алдаа гэж боддог. АА нийгэмлэг бол Alcoholics Anonymous буюу Архичид Аминчлахуй гэж орчуулдаг боловч Anonym буюу нэр хаяг нууцлагдмал архичдын архиныхаа асуудлыг шийддэг газар юм. Энэ нэрнээс ч гэх юмуу буруу ойлгоод, нэгт өөрийгөө зөвшөөрөөгүй байсан лдаа аргагүй, энд маш их эр зориг хэрэгтэй байгаан. Буруу л ойлгож явсан, энд нэг муу архичид л байдаг гэж. Өөрийгөө архичин болсноо мэдэхгүй байгаад байгаан. Гэтэл архичин гэдэг өвчин хэний хэн байх, юутай байх огт хамаагүй юм байна лдаа. Тэрийг л мэддэггүй байсан. Өнөөдөр энд ирээд л ойлгосон. Миний энэ бодол шиг алдаагаар битгий байгаасай л гэж боддог. Сайхан гэр бүл, байшин, машин, ажил төрөлтэй ч архинд донтоод сэтгэлийнхээ гүнд нэг л болохгүй байгаагаа мэдэрдэг хүмүүс олон байдаг. Нэг сар уугаагүй байдлаа чадаж байна гэж бодох ч юмуу яваад байдаг. Азаар бурхан намайг энд эрт оруулж ирсэн гэж би боддог. Тэрнээс төөрөлдөөд аль хүртэл явах байсныг бүү мэд. Бүх юмаа алдчихаагүй боломжтой байгаа дээрээ орж ирээд ойлгох боломж байдаг л даа. Ийм үедээ эртхэн ойлгоод ирээсэй л гэж хэлмээр байна. Энэ АА нийгэмлэгт бүхий л давхрагын хүмүүс байдаг.

  1. АА-д ирсэнээр таны хүмүүст хандах хандлага, хүмүүсийг харах өнцөг хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Би их сайн хүн байхад, хүмүүс намайг тоохгүй байна, их муу байна гэж л хардаг байсан үзэл маань АА д ирсэнээр огцом өөрчлөгдөж эргэсэн. Би өөрөө их муу хүн байсан байна. Хавь орчиндоо халгаатай, тэгээд хүмүүсийг өөрөөсөө үргээж байсан юм байна гэж хардаг болсон. Хэсэг хугацааны дараа хүмүүс өөрсдөө хандаж эхэлсэн. Тэгэхээр л өөрчлөгдсөн байх шиг байгаан.

  1. Уулзалт цуглаанд суугаад эрүүл саруул яваад байна. Тэрнээс гадна энд ямар нэг хүч үйлчилж байна гэж хүмүүс ярьдаг. Энэ дээд хүчний (итгэл үнэмшил) талаарх өөрийн бодлоо хуваалцаач.

АА-д анх очиход адилхан зовлонтой тэдгээр хүмүүс надад туршлагаараа тусалсан. АА цуглаан уулзалт ганц тусалж байна гэж боддог байсан анх, гэтэл архинаас гадна зан чанарын асуудал намайг зовоож эхэлсэн. Зан чанарын муу муухай байдал архи уухгүй байсан ч гэсэн надтай хамт л байсан. Тэгэхээр би зан чанараа тодорхой хэмжээгээр өөрчлөх шаардлагатай болсон. Тэгэхгүй бол архидалтаасаа болоод хүмүүст орхигдсон шиг зан чанараасаа болоод хүмүүст орхигдоно. Хүн ганцаардаж болохгүй. Ганцаардал намайг АА-д авчирсан. Тиймээс энэ зан чанартайгаа оролдохоос өөр арга байхгүй болсон. Энэ асуудлыг шийдэхэд 12 алхамтай эдгэрлийн хөтөлбөрийн дагуу явсан. Хамгийн гол нь АА-гийнхан ярьдаг Дээд хүч гэж. АА бол шашны байгууллага биш, ямарваа нэг улс төрийн ч байгууллага биш. Гэсэн ч энд төрөл бүрийн шашинтай хүмүүс олон байдаг. Надад ямар нэг шашны итгэл үнэмшил байхгүй. Дээд хүч гэдэг ойлголт надад ирэх хэрэгтэй болсон. Тэгээд шашин шүтэх гэж янз янзын шашин судалж явлаа. Энэ бүхэн бас л биш байсан. Өнөөдөр л бол зүгээр АА-гаар дамжаад ямарваа нэг зүйл, Бурханы авралаар энд ирлээ гэж ярьдаг шиг энэ хүмүүсээр дамжуулаад бас нэг дээд хүч надад туслах юм байна, тэрнээс биш хүн өөрөө бол архинаас гарахгүй юм байна, миний л хувьд өөрөө гарах ямар ч боломж байхгүй юм байна гэж бодсон. Чинхаа багш гээд зурагтаар гараад байдаг би нэг их анхаарч үздэггүйн, гэхдээ хаана ч билээ тэр хүний нэг хэлсэн үгийг самбар дээрээс уншсан чинь “Ерөөсөө та бол өөрийгөө янзалж чадахгүй гэж, жишээ нь ихэмсэг зангаа өнөөдөр ингээд янзалчихья гээд маргааш нь тэр зан нь байж л байдаг, харин энэ байдлыг Бурхан засч чадна. Тэрэнд зүгээр зөвшөөрчих” гээд хэлцэн байсан. Энэ бол их таалагдсан. Энэ ойлголтоос эхлээд ч гэхиймүү ер нь АА-гийн эдгэрлийн цэнхэр номон дээр ийм ойлголтуудыг санал болгосон байдаг. Би өөрийгөө янзалчихдаг байсан бол АА-д ирэлгүй архинаасаа гарах нь яасын тэ. Тэгтэл АА-д ирээд л архинаас татгалзсан, АА-д ирээд цаашаагаа эдгэрлийн хөтөлбөрөөр явахад ямарваа нэг итгэл үнэмшилтэй байж энийг хийх юм байна. Түүнд даатгах юм байна. Эсвэл ээж аав нар маань багаас ямар юм шүтдэг байсын, уул ус тэр зүйлдээ сүсэглээд, би бол жишээ нь ээж модонд их очиж залбирдаг.Тэнд очиход нэг л гоё цаанаасаа намайг харж байгаа юм шиг, туслах гээд байгаа мэдрэмж төрдөг, түүнээс ямар нэг шашин надад харамсалтай нь одоохондоо алга. Эцэст нь хэлэхэд тэр дээд хүч, агуу хүч гэдгийг надаас илүү хүч гэж ойлгоод байгаа юм л даа. Ямар нэг итгэл үнэмшил зайлшгүй байж хүн амжилттай явна гэдгийг бүх үеийн түүх харуулсан байхад над шиг муу архичин энд эсэргүүцээд яах ч юм билээ. Өнөөдөр аажмаар энэ зүйл миний сэтгэл зүрхэнд орж ирж байгаа.

  1. Ингээд сүүлийн асуултыг танд үлдээе.

Нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Манай том номны 43-р хуудсан дээр байдаг. Жинхэнэ архичин хүн хэзээ ч өөрийнхөө чадлаар архинаас гарч чаддаггүй юм, өөрөөс нь илүү ямар нэг хүчний тусламжтай л гарч чадна гэсэн байдаг. Хамгийн сүүлийн уултуудад би өөртөө нөхөр минь чи яагаад уугаад байна гэж их өөртөйгөө тэмцэж хэлдэг байсан ч уусаар л байсан. Өөртөө итгэж байсан би маань намайг хуурсан. Өөртөө итгэж явсан нь миний амьдралын хамгийн их алдаа байсан юм байна. Ялангуяа энэ архин дээр бол би өөрөө архи уухгүй байж чадна гэж бодсонд л миний алдаа байсан юм байна лээ. Тэгэхээр архины асуудал дээр өөртөө итгэх итгэл хэзээ ч тус болдоггүй юм шүү л гэж захимаар байна. Баярлалаа. 🙂

Чин сэтгэлээсээ хэсэгхэн хором бидэнтэй илэн далангүй ярилцаж бодол санаагаа хуваалцсан таньд маш их баярлалаа. Танд болон таны гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *