Ярилцлага №6

2015-09-08: Энэ удаагийн зочноор АА-д нилээдгүй цаг хугацааг өнгөрөөж амжилттай яваа нэгэн туршлагатай гишүүнийг урьж оролцууллаа.

Юуны өмнө танд ярилцлага өгөхийг зөвшөөрч хүрэлцэн ирсэнд нийт гишүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлье.

  1. АА-д хандаад хичнээн хугацаа өнгөрч байна.

Миний хувьд АА-гийн энэ өндөр босгыг давж орж ирэх гэж 2001 оноос хойш явж байна. Эхний жилүүдэд уналт (эргэж уух) гэдэг зүйл их тохиолдож байсан. Энэ талаараа одоо бодоход АА-гийн хөтөлбөр (12 алхам) гэдэг зүйлтэй оролдож эхэлснээс хойш архи дахин уух, тамхи татахаа үндсэндээ зогсоож чадсан. Ахиад уувал яах бол гэх айдас мэдээж байсан. Гэхдээ энэ нь их бага хэмжээгээр сэтгэцийн өвчин гэдгийг ойлгосноос хойш ахин уугаагүй нилээд хэдэн жил боллоо.

  1. Саяны ярианд уналт буюу хальтралт гэж яригдлаа. Энэ талаар АА-гийн бус хүмүүст тайлбарлаж өгөөч.

АА-д хандаад уулзалтанд явж байгаад ахиж уухыг л хэлж байгаан. Би бол 1жил 8 сар болчоод ахиж ууж байсан. Тэр бол хэцүү шдээ. Энийг бас тэр болгон яриад байх ч хэцүү. Хүмүүс янз янзаар л ярьдаг. Тэвчээргүй болоод уучихлаа л гэнэ, их зан гаргаад уучихсан л гэнэ, ерөөсөө юм ойлгодоггүй нөхөр байна л гэнэ, хэнэггүй нөхөр байна л гэнэ. Би боддог. Хүмүүс юу гэж ярих нь тэдний л асуудал. Өнөөдөр би уухгүй байх нь л чухал.

  1. Хөтөлбөр гэж юуг яриад байна.

Хөтөлбөр гэдэг нь 12 алхам, 12 уламжлал. Миний сэтгэлд байгаа зовлон шаналал, баяр хөөр энэ бүгдийгээ би АА-д л ирж гаргаж ярьдаг. Өөр газар ярих юм бол зарим нь доог тохуу хийхээс эхлээд асуудал үүснэ.

  1. Архи амсалгүй сүүлийн 5 жил гаруй болж байна гэсэн. Энэ хугацаанд өөрт тань мэдрэгдэх дэвшил юу байна вэ?

Өчнөөн зүйл өөрчлөгдөж байна. Санхүүгийн талаасаа ч тэр, гол нь сэтгэл зүйн талаас их зүйл өөрчлөгдсөн. Миний хувьд бол хурдан баярлаж, хурдан гомддог, хүнд удаан юм санаад явж чаддаггүй, бодсоноо шууд л хэлчихдэг зантай. Гэхдээ одоо хүнд юу гээд хэлчих үү гээд боддог болсон байна, ялгаа заагаа гадарлаж эхэлж байгаа гэхиймуу. Эрүүл байгаад байгаа учраас шүү дээ.

  1. Таныг Дэлхийн АА-гийн 80 жилийн ойд АНУ-руу явчаад ирсэн гэж сонссон. Энэ талаараа бидэнтэй хуваалцаач.

Монголоосоо 2015 оны 6 сард 4үүлээ явсан. АНУ-ын Атланта хотод 4 өдөр 4 хоног Дэлхийн АА-гийн 80 жилийн ойд 113 орны 84000 гаруй хүмүүс цугласан тийм том чуулган болсон. Монголынхоо тугийг одоо Дэлхийд гэхиймдаа (инээв) анх удаа мандуулсан. Хамгийн дээд тал нь 66 жил архи уугаагүй хүн байсан. Өнөөдөр орж ирж байгаа ч хүмүүс байсан. Миний хувьд 50 жил болж байгаа хүнтэй уулзах завшаан олдсон. Тэр хүний туршлагаас нь сонсож, маш олон зүйлийг сонсож мэдэрсэн. Яавал 10, 20, 30 жил тань шиг уухгүй байгаа байдлаа хадгалах вэ гэж хүмүүс их асууж байсан. Тэр хүн нэг л зүйлийг хэлж байсан. Уулзалтандаа тасралтгүй суу л гэж хэлж байсан. Ажил, гэр, уулзалт гэсэн гурвалжингаар явахад нэг мэдэхэд л тэр хугацаанд хүрсэн гэж байсан.

  1. Богино хугацаанд ч болов сонирхолтой ярилцлага өрнүүлсэн таньд баярлалаа. Сүүлчийн асуултыг таньд үлдээе.

Хамгийн чухал зүйл нь АА-гийн босгоор анх алхаж орж ирэх л хэцүү байдаг. Хүмүүсийн хандлага болохоор тэнд баахан архичид байгаа, тэнд тэнэг хүмүүс байгаа, тэнд аймаар аймаар хүмүүс байгаа, би бол өөр хүн, би бол гайгүй гэсэн бодол хүмүүст байдаг. Тэгэхээр мянга сонсохоор нэг үз гэж л хэлье даа.

Баярлалаа таньд. Аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *