Ярилцлага №7

Энэ өдрийн мэнд, АА-гийн анхны эмэгтэйчүүдийн бүлгийн 14 жилийн ой болж байгаатай холбогдуулан энэ удаагийн ярилцлагаа нэгэн эмэгтэй гишүүнтэй хийн оруулснаа та бүхэнд толилуулж байна.

yariltslaga

Сайн уу, ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд уншигчдынхаа өмнөөс талархая.

Асуулт: Та АА-д хандаад хичнээн хугацаа болж байна вэ? Энэ хугацаагаа товч дүгнэвэл.

Хариулт: АА-д хандаад 8 жил 6 сар болж байна. АА-д хандаж орж ирсэн тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эрүүл саруул байдлаа хадгалахыг өдөр бүр хичээгээд л явж байна.

Асуулт: АА-д анх хандаж байсан үеэ одоо байгаа үетэйгээ харьцуулвал өөрчлөлт хэр гарав.

Хариулт: Ямар ч байсан өглөө бүрийг эрүүл угтах нь хамгийн сайхан. Анх орж ирж байсан одоо үеийн хооронд мэдээж өдөр шөнө шиг ялгаа бий. Ганцаардмал байдалд орчихсон, босгосон амьдралаа архи уун нураачихсан тийм хүн өнөөдрийг хүртэл тийм ч сайхан замыг туулж ирээгүй. Өдөр өдрөөр хичээсээр л өнөөдрийг хүрсэн. Гэр бүлийн хэрүүл тэмцэл тэр үеийг бодвол харьцангуй багассан, амар тайван болж байгаан болов уу даа л гэж боддог шд. Гэхдээ л энэ бүхнийг хувиар илэрхийлвэл 20%-30% ийн л өөрчлөлт орсон гэж дотроо боддог.

Асуулт: Анх хандсан өдрөөс өдийг хүртэл уулзалтандаа явсаар л байна. Уулзалтандаа ер нь ямар давтамжтай суудаг вэ?

Хариулт: Би тодорхой хүндэтгэх шалтгаангүй л бол уулзалтаа бараг тасалдаггүй. (Тус бүлгийн уулзалт 7 хоногт 3 удаа явагддаг). Эхний 5 жил уулзалтаа огт тасалж байгаагүй, сүүлд гэр бүлдээ нэмэр болох, ажлаа хийх шаардлагаар цөөн тоогоор уулзалтаа тасалдуулах тохиолдол гарч байсан. Ер нь бол энэ уулзалт байхгүй л бол би хэн ч биш гэдгээ л мэдэрдэг.

Асуулт: Итгэл үнэмшилийн талаар өөрийн бодлоо хуваалцаач.

Хариулт: Итгэл үнэмшил үгүй бол АА-д яваад хэрэггүй л дээ. Чин сэтгэлээсээ итгэж үнэмшиж байж л үлдэнэ. Эхний үед бол юу ч мэддэггүй байсөөн. Хоосон толгой юу ч ойлгодоггүй байсан юмуу. Яваандаа бага багаар итгэл үнэмшил өөрт мэдрэгдэж орж ирж байсан. Итгэл үнэмшил үгүйгээр боломжгүй л гэж боддог.

Асуулт: Дараа жил буюу 2018 онд АА Монголд бий болсоны 20 жилийн ой болно. Таныг анх орж ирж байсан үеэс одоо үеийн АА хэрхжн өөрчлөгдсөн байна?

Хариулт: Анх АА-д хандаж байхад энд тэнд бүлгүүдийн ойн арга хэмжээнд тасралтгүй явж, тэндээсээ маш их итгэл үнэмшил, туршлага олж сонсдог байсан. Одоо ч анх хандаж байгаа хүмүүс тийм л мэдрэмж авдаг байх гэж боддог. Монголын АА гэдэг утгаараа одоо бол маш хурдацтай, өсөлт дэвшилттэй, бас яг л ном журмынхаа дагуу явж байгаа л гэж боддог. Гадаад харилцаа гээд л олон зүйлс маш их өөрчлөгдсөн байна. Олон хүний алдаа оноо, нулимсан дээр бүтсэн энэ зүйл нэг зорилготой байх нь л хамгийн чухал гэж дотроо боддог доо.

Асуулт: Магадгүй одоо энэ ярилцлагыг уншиж байгаа архины асуудалтай эмэгтэй байвал түүнд хандаж та юу хэлэх вэ?

Хариулт: Би бол ингэж боддог. АА бол архинаас гаргадаг газар бишээ, таньд харин архи уухгүй байх боломж бий гэсэн санал тавьдаг газар гэж. Үнэхээр таны амьдралд архитай холбоотой ямар нэг асуудал байгаа бол та АА-д хандаад үзээрэй. Энд таныг бид чин сэтгэлээсээ хүлээж авах болно. АА-д явна гэдэг нь хүн өөрөө өөртөө л үнэнч байхыг хэлнэ гэж боддог.

Асуулт: Сүүлчийн асуултыг таньд үлдээе.

Хариулт: Архинд зовж шаналж байгаа, учраа олохгүй байгаа олон олон гэр бүл, найз нөхөд, надаас ах ч бай, дүү ч бай амар амгалан амьдрахын төлөө архитай битгий нөхөрлөөрэй. Санаатай ч бай, санаандгүй ч бай архи ууж л байгаа бол энэ хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй. Архи байнга өөртөө хар сүүдэр дагуулж явдаг, тийм учраас архигүй сайхан нийгмийг цогцлоохын төлөө бүгдээрээ гар бие оролцох хэрэгтэй л гэж боддог. За тэгээд эцэст нь бүгдэд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье даа.

Хэсэгхэн хором бидэнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлсэн танд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ёрөөе. Баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *