Ярилцлага №8

Энэ удаагийн зочноор АА-гийн орон нутгийн төлөөлөл болсон нэгэн хүнтэй ярилцсанаа оруулж байна. Одоогоор АА-гийн уулзалт ярилцлага 18 аймгийн төв, тэдний зарим сумдад үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн статистик байна.

yariltslaga
1. Уламжлал болсон эхний асуултаар ярилцлагаа эхэлье. Та АА-д хандаад хэр хугацааг өнгөрөөв. Энэ хугацаагаа товч дүгнэвэл.
Би АА-д хандаад 5 жил болж байна. 5 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Ер нь АА-д хандахаас өмнө миний амьдрал түүнийг үзэх үзэл бодол шал өөр байсан л даа. АА-д хандсанаас хойш зөв юмруу тэмүүлэх хүсэлтэй, зөв амьдрахыг хүсдэг, архинаас татгалзахыг хичээдэг л болсон байна.
2. Та АА-д хандахаас өмнө архинаас татгалзах ямар аргууд хэрэглэж байсан бэ?
Би их олон төрлийн арга хэрэглэж байсан. Алкабус гээд эм хэрэглэж үзэж байлаа. Тэрийг уугаад яахуу айдсаараа тодорхой хугацааг өнгөрөөдөг. Тэр хугацаа нь нэг жил гэсэн заалттай байдаг. Хэд хэдэн удаа ууж байсан. 4-5 удаа ууж байсан. Тэгээд л эргээд архиа уучихдаг нөхөр байсан. Лам бөөд үзүүлэх, хэлээ хануулах зэргийг ч бас хийлгэж л явсан. Кодлох гэдэг зүйл дээр л очоогүй. Харин аз болж би энэ АА-д хандсан. Өөрийнхөө сайндаа ч энэ АА д хандаагүй, найз анд дүүгийн мессежээр бас нэг андтайгаа цуг орж ирж байлаа. Одоо эргээд бодоход бурхан надад тусалсан ч юм шиг. АА-гийн дээд хүч гэж нэрлэдэг тэр хүч ч үйлчилсэн гэж боддог. Одоо ч гэсэн тэр хүчний тусламжтай явж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Ер нь тэгээд АА д хандсанаараа энэ бүх аргуудаас илүү өөрийгөө олж авсан гэж хэлж болно. Би ямар хүн бэ? гэдгээ л таньж эхэлсэн. Тэгээд алдаа дутагдалтай зүйлс дээрээ ажиллаж байна. Хөтөлбөр гэж байдаг. Тэр зүйлээр оролдсоноороо арай жаахан зөв бодолтой явахыг хичээдэг болжээ.
3. Танай орон нутагт АА уулзалт үүсээд 5 жил болж байгаан байна. Одоогоор хичнээн уулзалт, ямар хуваариар явагдаж байна?
Манай орон нутагт эхлээд ганц бүлэг байсан. Дараагаар нь эмэгтэйчүүдийн уулзалт хийдэг бүлэг бий болсон. 7 хоногийн 6 өдөрт нь уулзалт болж байна. Мөн Ал-Анон буюу давхар хамаарлын уулзалт явагдаж эхэлсэн байгаа. Ер нь анх 10 хүрэхгүй хүнтэй уулзалт маань жил гаран явсан. Энэ хугацааг эргээд харахад тийм ч амар эрүүл саруул байдалд хүрдэггүй юм байна гэдгийг ойлгосон. Бидний дундаас 2 ч хүн маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байдаг. Одоогоор 3 бүлгийн төлөөлөл 70 гаран хүн ойролцоогоор уулзалтанд явж байна. 70 хүний цаана хичнээн хүн байх билээ гээд бодохоор их сайхан санагддаг шүү.
4. Бие болон сэтгэл санааны хувьд архи уухаа больсноос хойш хэр өөрчлөлт мэдрэгдэж байна?
Ер нь архи ууж байх үед бие хаа гэж авах юм байсан ч юмуу үгүй ч юмуу бүү мэд. (инээв) Эмнэлэгт үзүүлэхээс айдаг тийм нөхөр байсан. Одоо ч гэсэн би нэг их эмнэлэг рүү хандаад байдаггүй. Архи уудаг хүний элэг угаасаа өөрчлөлттэй байх нь тодорхой, тэгээд саяхан нэг элэгээ үзүүлсэн ямар ч өөрчлөлтгүй байна гэж гарсан.
5. Мөнгө санхүү, эдийн засгийн хувьд таньд өөрчлөлт гарч байна уу?
Санхүүгийн хувьд миний амьдрал их сонин л доо. Би бол мөнгийг их үрдэг хүн. Мөнгийг ерөөсөө үзэж чаддаггүй тийм л хүн байсан. Мөнгө байвал бусдад тараагаад өгчихдөг, хүн дайлаад л дуусдаг. Одоо бол санхүүд нэг их санаа зовдоггүй. Хүн зөв замаар ольё гээд хичээгээд, зовлогоо зовоож олсон хэдэн төгрөгөө буруу зүйлд зарцуулдаггүй юм байна. Манай гэр бүлийн хүн маань харин санхүүгийн тал дээр намайг дагуулахааргүй сайн авч явдаг. Тэгээд гэр бүлийнхээ хүнд л даатгачихдаг. Миний хувьд ч гэсэн бага багаар оролдсоны үр дүнд мөнгө гэдэг зүйлийг хэрэгцээгүй зугаа цэнгэл зэрэгт зарцуулахаа больсон. Харин энэ өөрийнхөө эрүүл саруул байдлаа олж авч байгаа энэ АА-гийн уулзалт, арга хэмжээ, бусад орон нутаг, хотын том том ойд явахдаа, хуримтлал үүсгэж байгаад дуртай юмандаа явахдаа хэрэглэхийг хичээдэг болсон.
6. Оюун санааны хөтөлбөр буюу 12 алхамын талаар та өөрийнхөө ойлгосноор тайлбарлаач.
12 алхам хөтөлбөр гэдэг зүйлийг оролдсоноороо л эрүүл саруул хүний түвшинд очно гэж ойлгодог. Би одоо ч гэсэн 12 алхам хөтөлбөрийг гүйцээгээд оролдоод дуусгацан юм байхгүй. Төгс төгөлдөр хийцэн юм байдаггүй хэрнээ чадах чинээгээрээ өдөр тутмынхаа ахуй амьдралд хэрэгжүүлж явахыг хичээдэг дээ.
7. Архины асуудалтай байгаа учраа олохгүй байгаа залуу хүмүүст хандаж юу хэлмээр байна?
Залуу хүмүүст ирээдүй байгаа. Тэгэхээр эртхэн шиг энэ хайрын тойрог гэж хэлдэг энэ АА д хандаж чадвал амьдрал шал өөр гэрэл гэгээтэй, бүх зүйл таны гарт байгаа шүү л гэж хэлмээр байна.
8. Ингээд сүүлчийн асуултыг таньд үлдээе.
Ер нь их баяртай байдаг л даа. АА д хандсанаараа би өөрийгөө олж харсан. Одоо миний харж байгаагаар бид нарын үеийнх шиг тэгж их архи уудаг нь ховор болсон юм байна, өөртөө энэ хүмүүс яасан их гоё анхаардаг болцийн гэсэн талаас нь л би харж явдаг. Хүн өөртөө анхаарал тавиад, өөрлүүгээ харж чадна гэдэг бол үнэхээрийн гайхамшигтай. Өөрлүүгээ харсанаар өөрчлөлт, мэдрэмж, эрүүл саруулаар амьдрахын аз жаргал гэдгийг өөрийн биеэр мэдэрч чадна гэдгийг би эргэлзэлгүй хэлж чадахаар байна.
Ярилцлага өгсөн таньд баярлалаа. Таны гэр бүл, ажил төрөл, бүх зүйлд чинь амжилт хүсэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *