Удиртгал

Архичид аминчлахуй (АА) гэдэг нь өөрсдийн туршлага, хүч тэнхээ, итгэл найдвараа бие биетэйгээ хуваалцаж, өөрсдийн зовлон бэрхшээлийг хамтран шийдвэрлэхийн тулд мөн архинд донтох өвчнөөс эдгэрэхийг хичээж буй бусаддаа туслахаар хамтран нэгдсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл юм.

Гишүүддээ тавьдаг цорын ганц шаардлага бол архинаас ангижрахыг зорьсон чин хүсэлтэй байх явдал юм. АА-ийн гишүүнчлэлд хамрагдахын тулд аливаа төлбөр хураамж төлөх шаардлагагүй. Бид өөрсдийн хандив цуглуулгаар үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг.

АА нь шашны ямар нэгэн урсгал бүлэг, улс төрийн аливаа байгууллагатай холбоогүй ба үзэл бодлоор тэдгээр байгууллагатай тэрсэлдэх болон нэгдэх хүсэлгүй билээ.

Бидний гол зорилго бол архинаас бүр мөсөн ангижирч, бусад архичдад архинаас гарч, эрүүл саруул болоход нь туслахад оршино.

Түүх

1935 онд АНУ-ын Акрон хотод эдгэрэх найдваргүй 2 архичин уулзаж архигүй амьдрах хүсэл эрмэлзлэл, итгэл үнэмшлээ хуваалцжээ. Тэр өдрөөс хойш уулзалт олон удаа үргэлжилж, тэдэнд архигүй амьдарч болох мэдрэмж төрж эхэлсэн байна. Эмчилгээний газар, хаана л архи уудаг хүн байна тэд тэнд очиж архичин хүмүүстэй уулзсаар АА хөдөлгөөний хүрээ өргөжин тэлж, өнөөдөр дэлхийн 180 гаруй оронд үүсэн байгуулагдаад байна.

Бид хэн бэ?

АА нийгэмлэгт нэгдэж орсон хүмүүс нь өөрсдийн архидан согтуурах явдлыг зогсоох чадваргүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс юм. Өөрсөддөө төдийгүй ойр дотны хүмүүст гай зовлон учруулахгүй байх хүсэлтэй бол архинаас хол амьдрах ёстой гэдгийг эдгээр хүмүүс сурч мэдсэн юм. Бид орон нутгийн хэмжээнд мянга мянган бүлэгтэй, 180 гаруй улс оронд гишүүдтэй олон улсын чөлөөт нөхөрлөлийн нэг хэсэг юм. Бидний гол зорилго бол архинаас бүрэн татгалзан эрүүлжиж, мөн архидалтаас ангижрах зорилгоор бидэн рүү хандаж буй бусад хүмүүст туслахад оршино. Бид нар өөрчлөн байгуулагчид биш бөгөөд аливаа нөхөрлөл, нийгэмлэг, шашны байгууллагатай нэгддэггүй. Бид дэлхий ертөнцийг хатаах хүсэл үгүй. Бид өөрсдийн гишүүдийг албан хүчээр элсүүлж авдаггүй хэдий ч элсэх хүсэлтэй хүмүүсийг баяртайгаар хүлээн авдаг. Бид өөрсдийн архидалтын гашуун туршлагаа бусдад тохох зорилгогүй ч бусад хүмүүс сонсох хүсэлтэй бол бид өөрсдийн туршлагаа баяртайгаар хуваалцдаг. Манай гишүүнчлэл янз бүрийн нийгэм эдийн засаг, соёлын гаралтай бүх насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдэнэ. Зарим нь архинд орсноо ухамсарлан ойлгох хүртлээ олон жилийн турш архи ууж ирсэн хүмүүс болно. Тэрчлэн архи ууж эхлэснээс хойш удалгүй архинд орсноо ухамсарлан ойлгосон тул нэг талаар азтай хүмүүс ч бий. Архидалтаас учирсан үр дагавар хүн тус бүрээр ялгаатай. Зарим гишүүд маань АА-д хандаж ирэхээс өмнө ор ганцаар хаягдан үлдсэн бол зарим нь ар гэр, өмч хөрөнгөө алдаж, өөрөө өөрийгөө хүндэтгэхээ больсон байсан. Бид олон хотын гудамжинд согтуугаар хальтран унасан удаатай. Зарим маань эмнэлэгт хүргэгдэж эсвэл шоронд орсон тооллоо алдсан билээ. Бид нийгэм, ар гэр, хамтран ажиллагчид төдийгүй өөрсдийнхөө эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн тохиолдол бий. Гэвч үүний зэрэгцээ шоронд орж, эмнэлэгт хүргэгдэж үзээгүй гишүүд ч бий. Эдгээр гишүүд маань ажил төрөл, ар гэрээ архинд хараахан алдаагүй бөгөөд гагцхүү архидалт нь тэдгээрийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж буйг ухамсарлан ойлгосон юм. Архигүй амьдрах чадваргүй болсноо ойлгонгуутаа тэд тусламж хайн АА-д хандсан ажээ.
Манай Нийгэмлэгт олон янзын шашны үзэл төлөөлөгдсөний хажуугаар хэд хэдэн шашны байгууллагын удирдагчид бидний өсөлт дэвшилтийг урамшуулан дэмжиж ирсэн билээ.
Тэрчлэн, нэлээд хэдэн шашингүй үзэлтнүүд ч бий. Манай нийгэмлэгт хамрагдахын тулд тодорхой шашны үзэлтэй байх шаардлагагүй. Бид өөрсдийн нийтлэг бэрхшээл болох архидалтын зовлонгоор нэгдсэн юм. Өөр хоорондоо уулзаж ярилцах, бусад архичин хүмүүст хамтарч туслах замаар бид өөрсдийн амьдралд давамгайлж байсан архи уух шунал хүслээ ардаа орхих чадварыг олж авдаг. Бид архидалтын асуудлыг шийдвэрлэж чадах цорын ганц байгууллага гэж өөрсдийгөө үздэггүй. Харин АА хөтөлбөр нь бидний амьдралыг амжилттай өөрчилж чадсан төдийгүй архидалтаас ангижрах чин хүсэлд хөтлөгдөн шинээр ирж буй бусад бүх хүмүүст хэрхэн амжилттай үйлчилж байгааг бид өөрсдийн нүдээр харсан билээ. АА нийгэмлэгт хамрагдсанаар бид архидалт төдийгүй өөрсдийнхөө тухай хэд хэдэн зүйлийг олж мэдсэн. Ийнхүү олж мэдсэн үнэн бодит байдлаа цаг тутамд марталгүй санаж явах нь архидалтаас ангижирч, эрүүл байх явдлын түлхүүр хүчин зүйл болдог. Бидний хувьд эрүүл байх явдал нь хамгийн чухал зүйл болсон билээ.