Бидний тухай

Alcoholics Anonymous (Aрхичид Аминчлахуй) бол өөрсдийн нийтлэг зовлон бэрхшээлийг шийдвэрлэх, бусдад архинаас ангижрахад нь туслахын тулд бие биентэйгээ туршлага мэдлэг, эрч хүч, итгэл найдвараа хуваалцах эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүсийг нэгтгэсэн нийгэмлэг юм. Энэ нийгэмлэгийн гишүүнд тавих ганц шаардлага нь архинаас гарах хүслэн л юм. АА-гийн гишүүн болоход үүрэг хүлээх, татвар төлөх хэрэггүй; бид хандиваараа өөрсдийгөө санхүүжүүлдэг. АА нь ямар нэг шашны бүлэглэл, улс төрийн болон бусад байгууллагатай нэгддэггүй; элдэв маргаан мэтгэлцээнд оролцохыг хүсдэггүй; аливаа асуудлыг эсэргүүцэн тэмцэх буюу зөвшөөрөн дэмждэггүй. Бидний анхдагч зорилго бол архидан согтуурахгүй байх, бусад архичдад архи уухгүй байхад нь туслах явдал юм.

Түүх

1935 онд АНУ-ын Акрон хотод эдгэрэх найдваргүй 2 архичин уулзаж архигүй амьдрах хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшлээ хуваалцжээ. Тэр өдрөөс хойш уулзалт олон удаа үргэлжилж, тэдэнд архигүй амьдарч болох мэдрэмж төрж эхэлсэн байна. Эмчилгээний газар, хаана л архи уудаг хүн байна тэд тэнд архичин хүмүүстэй уулзсаар АА хөдөлгөөний хүрээ өргөжин тэлж, өнөөдөр Дэлхийн 180 гаруй оронд үүсэн байгуулагдаад байна.

Бид хэн бэ?

АА нийгэмлэгт нэгдэж орсон хүмүүс нь өөрсдийн архидан согтуурах явдлыг зогсоох чадваргүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс юм. Өөрсөддөө төдийгүй ойр дотны хүмүүст гай зовлон учруулахгүй байх хүсэлтэй бол архинаас хол амьдрах ёстой гэдгийг эдгээр хүмүүс сурч мэдсэн юм. Бид орон нутгийн хэмжээнд мянга мянган бүлэгтэй, 180 гаруй Улс оронд гишүүдтэй Олон Улсын чөлөөт нөхөрлөлийн нэг хэсэг юм. Бидний гол зорилго бол архинаас бүрэн татгалзан эрүүлжиж, мөн архидалтаас ангижрах зорилгоор бидэнрүү хандаж буй бусад хүмүүст туслахад оршино.

Бид нар өөрчлөн байгуулагчид биш бөгөөд аливаа нөхөрлөл, нийгэмлэг, шашны байгууллагатай нэгддэггүй. Бид дэлхий ертөнцийг хатаах хүсэл үгүй. Бид өөрсдийн гишүүдийг албан хүчээр элсүүлж авдаггүй хэдий ч элсэх хүсэлтэй хүмүүсийг баяртайгаар хүлээн авдаг. Бид өөрсдийн архидалтын гашуун туршлагаа бусдад тохох зорилго үгүй ч бусад хүмүүс сонсох хүсэлтэй бол бид өөрсдийн туршлагаа баяртайгаар хуваалцдаг. Манай гишүүнчлэл янз бүрийн нийгэм эдийн засаг, соёлын гаралтай бүх насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдэнэ. Зарим нь архинд орсноо ухамсарлан ойлгох хүртлээ олон жилийн турш архи ууж ирсэн хүмүүс болно. Тэрчлэн архи ууж эхэлснээс хойш удалгүй архинд орсноо ухамсарлан ойлгосон тул нэг талаар азтай хүмүүс ч бий.

Архидалтаас учирсан үр дагавар хүн тус бүрээр ялгаатай. Зарим гишүүд маань АА-д хандан ирэхээс өмнө орь ганцаар хаягдан үлдсэн бол зарим нь ар гэр, өмч хөрөнгөө алдаж, өөрөө өөрийгөө хүндэтгэхээ больсон байсан. Бид олон хотын гудамжинд согтуугаар хальтран унасан удаатай. Зарим маань эмнэлэгт хүргэгдэж эсвэл шоронд орсон тооллоо алдсан билээ. Бид нийгэм, ар гэр, хамтран ажиллагсад төдийгүй өөрсдийнхөө эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн тохиолдол бий. Гэвч үүний зэрэгцээ шоронд орж эмнэлэгт хүргэгдэж үзээгүй гишүүд ч бий. Эдгээр гишүүд маань ажил төрөл, ар гэрээ архинд хараахан алдаагүй бөгөөд гагцхүү архидалт нь тэдгээрийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж байгааг ухамсарлан ойлгосон юм. Архигүй амьдрах чадваргүй болсноо ойлгонгуутаа тэд тусламж хайн АА-д хандсан аж. Манай нийгэмлэгт олон янзын шашны үзэл төлөөлөгдсөний хажуугаар хэд хэдэн шашны байгууллагын удирдагчид бидний өсөлт дэвшилтийг урамшуулан дэмжиж ирсэн билээ. Тэрчлэн нилээд хэдэн шашингүй үзэлтнүүд ч бий. Манай нийгэмлэгт хамрагдахын тулд тодорхой шашны үзэлтэй байх шаардлагагүй.

Бид өөрсдийн нийтлэг бэрхшээл болох архидалтын зовлонгоор нэгдсэн юм. Өөр хоорондоо уулзаж ярилцах, бусад архичин хүмүүст хамтарч туслах замаар бид өөрсдийн амьдралд давамгайлж байсан архи уух шунал хүслээ ардаа орхих чадварыг олж авдаг. Бид архидалтын асуудлыг шийдвэрлэж чадах цорын ганц байгууллага гэж үздэггүй. Харин АА хөтөлбөр нь бидний амьдралыг амжилттай өөрчилж чадсан төдийгүй архидалтаас ангижрах чин хүсэлд хөтлөгдөн шинээр ирж буй бүх хүмүүст хэрхэн амжилттай үйлчилж байгааг бид өөрсдийн нүдээр харсан билээ. АА нийгэмлэгт хамрагдсанаар бид архидалт төдийгүй өөрсдийнхөө тухай хэд хэдэн зүйлийг олж мэдсэн. Ийнхүү олж мэдсэн үнэн байдлаа цаг тутамд марталгүй санаж явах нь архидалтаас ангижирч, эрүүл байх явдлын түлхүүр хүчин зүйл болдог. Бидний хувьд эрүүл байх явдал нь хамгийн чухал зүйл болсон билээ.