ШИНЭЭР ИРЖ БУЙ ГИШҮҮДИЙН АСУУЛТАНД ХАРИУЛАХ НЬ

Энд шинээр ирж буй хүмүүсийн голчлон тавьдаг асуултуудад хариу өгөхийг хичээлээ. Бид өөрсдөө уг нийгэмлэгт анх хандаж ирэхдээ эдгээр асуултуудыг мөн адил асууж байсан билээ.

 

Би архичин мөн үү?

Хэрэв та архийг ойр ойрхон өөрийн тооцоолж байснаас эсвэл хүсч байснаас хэтрүүлэн хэрэглэдэг, үүнээс болж янз бүрийн хэрэг төвөгт орооцолддог, эсвэл архи уух үед таны ухаан санаа тасардаг бол та архичин болсон байж магадгүй юм. Гагцхүү та л үүнийг тодорхойлж чадна. АА-гийн аль ч гишүүн таны архичин эсэхийг тогтоож өгөхгүй.

 

Өөрийнхөө архи ууж буй явдалд санаа зовж байгаа бол би энэ талаар юу хийж чадах вэ?

Тусламж хай. Архичид Аминчлахуй нийгэмлэг танд тусалж чадна.

 

Архичид Аминчлахуй гэж юу вэ?

Архичид Аминчлахуй бол өөрсдийн нийтлэг зовлон бэрхшээл болох архидалтын асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэгдсэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгэмлэг юм. Бид архигүйгээр сэтгэл хангалуун амьдрах шинэ арга замыг үүсгэн бий болгохыг оролддог. Ихэнх тохиолдолд амжилттай үр дүнд хүрдэг. Ийнхүү амжилтанд хүрэхийн тулд бид АА дах бусад архичин хүмүүсийн тусламж, дэмжлэгэд ихээхэн тулгуурладаг билээ.

 

Хэрэв би АА-ийн уулзалтанд явбал надад аливаа хариуцлага ногдох уу?

Үгүй. АА нь гишүүнчлэлийн файл, баримт бичиг эсвэл ирцийн тэмдэглэлийг хөтөлдөггүй. Та өөрийнхөө тухай ямар ч мэдээлэл өгөх шаардлагагүй. Хэрэв та дахин ирэх хүсэлгүй бол хэн ч таныг татаж чангаахгүй.


Хэрэв би өөрийн таньдаг хүмүүстэй тааралдвал яах вэ?

Тэдний энд ирсэн шалтгаан нь таныхтай яг адил болно. Тэд таны хувийн мэдээллийг гадны хүмүүст илчлэхгүй. Та өөрийн хувийн нууцлаг байдлыг хүссэн хэмжээндээ хадгалж чадна. Тиймээс ч бид өөрсдийгөө Архичид Аминчлахуй гэж нэрлэсэн юм.


АА-гийн уулзалтын талаар хэлж өгнө үү?

АА-гийн уулзалт нь хэд хэдэн хэлбэртэй байж болно. Гэхдээ эдгээр бүх уулзалтын үеэр архичин хүмүүс архидалт тэдний амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлсөн тухай, өөрсөддөө туслахын тулд тэд ямар арга хэмжээ авсан тухай, мөн өнөөдөр хэрхэн яаж амьдарч буй туршлага хоорондоо аминчлан хуваалцдаг билээ.


Энэ нь миний архидалтын зовлонд яаж туслах вэ?

АА-гийн гишүүд архинд орох, тэрчлэн, бусдад болон өөрсөддөө архинаас гарна гэж хий хоосон амлалт өгөх нь ямар байдгийг сайтар мэднэ. Бид нар мэргэжлийн эмч хүмүүс биш. Бусдад архинаас гарахад нь туслах цорын ганц зүйл бол бидний өөрсдийн архинаас бүрэн татгалзаж чадсан явдал юм. Энд хандан ирж буй архичин хүмүүс бусдын архинаас амжилттай гарч чадсаныг харж байж л архинаас гарч чадна гэдэгтээ итгэдэг.


Архичид Аминчлахуй нийгэмлэгийн гишүүд архинаас амжилттай гарч чадсан хэрнээ яагаад эдгээр уулзалтанд үргэлжлүүлэн явсан хэвээр байгаа юм бэ?

АА-ийн гишүүд архидалт хэмээх өвчнийг анагааж чадна гэдэгт итгэдэггүй. Бид хэзээ ч архийг хэвийн хэмжээнд тааруулан ууж чадахгүй. Архинаас хол амьдрах чадвар маань өөрсдийн бие бялдар, сэтгэц ба оюун санаагаа эрүүл байлгахаас шууд хамаардаг. Эдгээр уулзалтанд тогтмол явж, тэнд сурсан зүйлээ бодит амьдралд хэрэгжүүлэх замаар л дээрх зорилгод хүрч чадна. Түүнчлэн бусад архичин хүмүүст туслах нь өөрсдийн эрүүл байдлыг хадгалахад тус болдог.


АА нийгэмлэгт хэрхэн яаж нэгдэж орох вэ?

Танд хүсэл л байвал хэзээ ч АА-ийн гишүүн болж чадна. АА-ийн гишүүнчлэлд хамрагдах цорын ганц шаардлага бол архинаас гарах чин хүсэлтэй байх явдал юм. Ихэнх гишүүд маань анх АА нийгэмлэгт ирээд энэ тухай сонсохдоо тийм ч сэтгэл тааламжтай байгаагүй нь үнэн.


АА-ийн гишүүнчлэл нь ямар үнэ төлбөртэй вэ?

АА-ийн гишүүнчлэл нь ямар ч үнэ төлбөргүй. Гэхдээ эдгээр уулзалтын үеэр бид хандив цуглуулж, уг мөнгөөр өрөөний түрээс, кофе, цай гэх мэт уулзалтын зардлыг төлдөг. Гишүүд өөрсдийн бололцоогоор их ч хамаагүй, бага ч хамаагүй хандив өгч болно.

 

АА нь шашны байгууллага уу?

Үгүй. Мөн аливаа шашны байгууллагатай огт холбоогүй болно.

 

Энд Бурханы талаар их ярих юм, тийм ээ?

АА-ийн гишүүд бид энэхүү эрүүл байдлаа өөрсдийн сэтгэлийн тэнхээгээр олж авсан гэдэгт итгэдэггүй. Харин биднээс агуу хүчээр дамжуулан олж авсан гэдэгт итгэдэг. Хүн бүр энэхүү хүчийг өөрөө өөрийнхөөр тодорхойлдог. Олон хүмүүс үүнийг Бурхан гэж нэрлэдэг. Зарим хүмүүс үүнийг АА нийгэмлэг гэж үздэг. Бусад нь үүний алинд нь ч итгэдэггүй. АА нийгэмлэг нь янз бүрийн шашин шүтлэг болон шашингүй үзэлд хүлцэнгүй ханддаг.


Би ар гэрийнхээ хүмүүсийг эдгээр уулзалтанд авчирч болох уу?

Ар гэрийнхэн болон дотны найз нөхдийг "Нээлттэй" уулзалтанд авчирч болно. Өөрийнхөө цуглааны төлөөлөгчөөс энэ талаар лавлаж асууна уу.


Шинээр ирж буй гишүүддээ ямар зөвлөгөө өгдөг вэ?

Бид өөрсдийнхөө хувийн туршлагаас дараах зүйлийг олж мэдсэн болно. АА-д ирээд архинаас гарч буй хүмүүс дараах зүйлийг өөрсдийн мөрдлөгөө болгодог.
1. Эхний хундага архийг л уухгүй байх
2. АА-ийн уулзалтанд тогтмол явах
3. Удаан хугацаанд архи уухгүй, эрүүл байдлаа хадгалж чадсан хүмүүсийг хайж олоод, тэдэнтэй нөхөрлөх
4. АА-ийн архинаас ангижрах хөтөлбөрийг бодит амьдралд хэрэгжүүлэхийг хичээх зэрэг орно.


Би АА-тай хэрхэн яаж холбоо барих вэ?

Та манай вэб сайтын ХОЛБОГДОХ хэсэгт орж жагсаалтаас өөрт ойрыг сонгон харгалзах утасны дугаарт залгахад манай АА-ийн сайн дурын ажилтнууд хариулж, таны асуултанд баяртайгаар хариулах болно. Мөн сонирхсон өөр асуулт байвал холбоо барих хэсэгт орж бидэнд захиа илгээж болно.

Архидалт нь хурдацтай даамжирдаг өвчлөл болохыг бүү мартаарай. Энэхүү өвчлөлийн анхдагч буюу даамжраагүй үе шатанд байгаа ч гэсэн уг асуудалд ноцтой анхаарал хандуулах нь нэн чухал шүү. Архидалт хүмүүсийг үхэлд хүргэдэг. Хэрэв та архичин хүн бол үргэлжлүүлэн архидан согтуурах нь таны эрүүл мэндийг улам бүр муутгаж доройтуулах болно.