Б.Доржмаа: Архидалт нь архаг, дахилт өгдөг, үхэлд хүргэдэг гэдгийг ойлгох хэрэгтэй
Архидалт нь өвчин гэдгийг ойлгох нь ямар чухал болохыг өмнөх сурвалжлагаараа бид хүргэсэн. Харин энэ удаад архины хамаарал, түүнээс хэрхэн ангижрах, хаана хандах талаар БЗД-ийн ЭМТ-ийн Сэтгэц наркологийн багийн их эмч Б.Доржмаатай ярилцлаа.
БЗД-ийн ЭМТ-ийн Сэтгэц наркологийн баг нь ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Манай баг 2006 онд Аддиктологийн кабинет нэртэйгээр нэг их эмч, нэг сувилагчтай байгуулагдаж байсан. Харин одоо багийн системээр үйл ажиллагаагаа явуулдаг. Бүтэц орон тооны хувьд сэтгэцийн хоёр эмч, донтолтын нэг эмч, нэг сэтгэл зүйч, нэг сувилагчтайгаар нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Тодруулбал донтох, сэтгэцийн эмгэг судлал, сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал, сувилахуйн тусламж үйлчилгээ багтана.
Танай багт хэн хандах боломжтой вэ?
БЗД-ийн харьяалалтай иргэд ажлын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу ирж үйлчлүүлэх боломжтой. Эмчийн үзлэгийн цагийг урьдчилан авах шаардлагагүй байдаг. Өөрөөр хэлбэл шууд ирээд үйлчлүүлж болно гэсэн үг. Манай кабинетууд Даваа-Баасан гаригт 08.30-15.00 хүртэл ажилладаг.
Өдөрт хэдэн хүнд үйлчилгээ үзүүлдэг вэ?
Манай гурван кабинетаар өдөрт дунджаар 30-50 хүн үйлчлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг.
АА нийгэмлэгтэй хэрхэн хамтарч ажилладаг вэ?
Манай сэтгэц наркологийн баг 2018 оноос Монгол дахь АА нийгэмлэгийн Баянзүрх үйлчилгээний хороотой хамтран ажиллаж эхэлсэн. Архины хамааралтай, архи хэрэглэн зовж шаналан яваа хүмүүс, тэдний ар гэрийнхэнд зөвлөгөө өгөх, архи уухгүй эрүүл саруул амьдралд шилжин ороход туслах зорилгоор хамтран ажиллаж байна.
Сүүлийн үед “архины хамаарал” гэсэн тодотголыг ихээхэн хэрэглэх болсон. Энгийнээр архины хамаарал гэдгийг чухам юу гэж ойлгох вэ?
Архи уугаагүй байхад уумаар санагдах, боломж таарвал татгалзахгүй уух, ууж буй үедээ архины хэмжээнд эсвэл өөрөө өөртөө тавих хяналтаа алдан заавал согттолоо уух нь архины хамааралтай болсон гол шинж. Энэ шинж тэмдэг илэрвэл заавал мэргэжлийн эмчид хандан архины хэрэглээний түвшин тогтоолгох хэрэгтэй. Хамгийн гол нь энэ нь хэвийн хэрэглээ биш гэдгийг анхаарах нь зөв.
Архины хамааралтай хүмүүс өөрийгөө хэрхэн ойлгодог вэ, ямар нэгэн жишээгээр тайлбарлавал?
Архийг хэрэглэж буй байдлаар нь хэд хэдэн түвшинд ангилдаг. Архины хамаарал буюу архины шалтгаант сэтгэц ба зан үйлийн эмгэгтэй хүмүүс өөрийгөө хааяа л хэрэглэдэг, хэрэглэхгүй бол хэдэн хоног, сараар хэрэглэхгүй байж чаддаг, нэг уухаараа л хэтрүүлээд согттолоо уудаг, хэзээ нэгэн цагт архинаас бүрмөсөн татгалзаж чадна гэж боддог. Энэ ойлголт нь архины хамаарлыг улам гүнзгийрүүлж цаг хугацаа алдахад хүргэдэг. Архидалт нь тухайн хүний нэр төр, хувийн амьдралтай холбоотой байдаг учраас бусдаас их нууцалдаг. Энэ нь мэргэжлийн эмчид хандан тусламж авахад саад болдог. Ихэвчлэн донтолт үүссэн, дунд буюу төгсгөлийн шатанд байгаа хүмүүс хэн нэгний шахалт, шаардлагаар л эмчид хандаж байна. Гэтэл хэзээ, хэрхэн эмчид хандсанаас шалтгаалж, эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг. Ер нь бол хүчээр эмчилгээг хийдэггүй. Ийм тохиолдолд эмчилгээний үр дүн бага байдаг.
-Хамааралтай хүмүүсийн гэр бүлийнхэн нь тэдэнтэй хэрхэн харьцах нь зөв бэ?
Архины хамааралтай хүмүүстэй ярилцаж байхад анзаарагдсан зүйл бол гэр бүлийнхний хандлага, нөлөө их чухал. Эхэлж ууж байгаа үед нь за яахав хааяа л уудаг, хэтрүүлэн хэрэглэдэг, тэгэж байгаад уухаа болих байх, уухаараа элдэв ааш зан гаргах биш гэж бодож явсаар тухайн хүний архины хамаарал гүнзгийрэх нь элбэг тохиолдож байна. Ингэж явсаар эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, эдийн засагт асуудал гарсан үед л чи архичин болсон байна, архи уухаа больсонгүй гэсэн хандлага гаргадаг. Уг нь хэтрүүлэн хэрэглээд эхлэх үед л анхаарч, ярилцаж мэргэжлийн эмч нарт хандсанаар архины хэрэглээг зохистой шийдэх боломжтой. Нөгөө талаар архинд донтох эмгэгийн үед тухайн хүний гэр бүл давхар өвчилдөг. Тиймээс ч архины хамааралтай хайртай хүнээ өвдсөн, өвчилсөн байна, эмчид үзүүлж эмчлүүлэх, зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг ойлгох нь маш чухал. Энэ өвчнөөр нас , хүйс, мэргэжил, боловсрол харгалзахгүйгээр хэн ч, хэзээ ч өвдөж болдог гэдгийг санах нь зүйтэй.
Архинаас гарах гэдэг ойлголтыг шинжлэх ухаанд юу гэж тайлбарладаг вэ?
Архидалт бол донтох эмгэг гэх өвчин юм. Тэр тусмаа архаг, дахилт өгдөг, үхэлд хүргэдэг гэдгийг ойлгож, мэдэх хэрэгтэй. Архинаас гарах биш харин татгалзах, огт хэрэглэхгүй байх гэдэг нэр томьёог хэрэглэдэг. Архинаас татгалзах үеэс хүн эрүүлжиж эхэлнэ. Энэ үеэс архигүй эрүүл байх үеийг тооцдог. Эмчилгээний хувьд ч хүмүүс архинаас гаргадаг эм, тариа гэж бий гэж ойлгодог нь буруу юм. Харин архинд мэдрэг болгох эмийн эмчилгээнүүд байдаг.
Дан ганц архи гэлтгүй ямар эмгэгтэй хүмүүс сэтгэц наркологийн багт ирж үйлчилгээ авч байна вэ?
Харьяа дүүргийн бүх хүн ам манай төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг кабинетаар авдаг. Бага насны хүүхдээс эхлээд өндөр настан хүртэл ирнэ. Мэргэжлийн эмч, сэтгэл зүйчийн зөвлөгөө авах, эмчилгээ хийлгэх, хөдөлмөрийн чадвар алдалт , асаргаа тогтоолгох, урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх гээд авч болох бүх үйлчилгээг үзүүлдэг.
Архинд донтох өвчтэй гэдгээ хүлээн зөвшөөрөх гэдэг ойлголт маш чухал санагдсан. Энэ талаар?
Архи хэрэглэдэг дийлэнх хүмүүс өөрийгөө архины хамааралтай, эсвэл донтоогүй, хааяа л уудаг, ингэхдээ л хэтрүүлэн хэрэглэдэг гэж боддог. Мэргэжлийн эмчид хандсанаар архины хэрэглээний түвшинг тогтоолгох, хэрэв хэрэглээний аюултай, хортой үр дагавар өгөхүйц хэмжээнд хүрсэн бол зөвлөгөө авч, эмчилгээнд хамрагдах бүрэн боломжтой. Өөрийгөө донтох өвчтэй болтлоо уусан гэдгээ хүлээн зөвшөөрч эхэлсэнээр архигүй эрүүл амьдрах боломж нээгддэг. Харин хүчээр хийгдсэн эмчилгээ үр дүн багатай байдаг. Архины хамааралтай хүмүүсийг асуудлаа хүлээн зөвшөөрөхөд АА–гийн гишүүдийн оролцоо маш их. Адилхан архины асуудалтай байсан хүмүүстэй ярилцаж, өөрийгөө хүлээн зөвшөөрч, эрүүл амьдралыг сонгох нь маш их түлхэц болдог.
-Нийгэм архидалтыг өвчин гэж хардаггүй шүү дээ. Хандлагаа хэрхэн өөрчлөх вэ?
Улс орнууд архины хэрэглээнээс үүдэн хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд гарах сөрөг нөлөөг багасгахад чиглэсэн олон талт арга хэмжээ, бодлогыг хэрэгжүүлдэг. Тухайлбал, согтууруулах ундааны сурталчилгаа, борлуулалтыг хуулиар зохицуулах, согтуугаар жолоо барихыг хориглох бодлого, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхэд эрүүл мэндэд учруулах хор нөлөөг таниулах, мэдлэг олгоход чиглэсэн хөтөлбөрүүд байдаг. Манай улсын хувьд худалдан авах, хэрэглэх нас 21 гэж заан худалдан авах боломжийг хязгаарласан жишээ бий шүү дээ. Монголчууд архи бол идээний дээж гэж үздэг. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа энэ үед хүний эрх, эрх чөлөөг нэгдүгээрт тавьж байгаа болохоор архийг хэрэглэх, хэрэглэхгүй байх нь хувь хүний сонголт, энэ нь донтох эмгэгээр өвдөх нь ч хувь хүнтэй холбоотой болоод байна.
Анх хэдэн наснаас эхлэн согтууруулах ундааг хэрэглэснээр архины хамааралтай болох буюу архинд донтох нь шууд хамаардаг гэх судалгаа бий. Иймээс хүүхэд залуучуудад бага наснаас нь архины хор хөнөөлийг таниулан ойлгуулах, сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй, хүчтэй болоход нь эцэг эх ойр дотны хүмүүс зөвлөж байх хэрэгтэй. Шаардлагатай үед мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид ханддаг, тусламж авдаг чадварт сургах нь чухал болоод байна. Энэ хандлагыг хүүхэд байхаас нь суулгах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд архи бол хүний амьдралд зайлшгүй байх ёстой зүйл биш. Архидалтын үр дагавар нь архинд донтох эмгэгийг үүсгэдэг хор хөнөөлтэй гэдгийг дахин сануулж хэлье.
Эх сурвалж: http://bzemn.ub.gov.mn