/Энэхүү ярилцлага нь 2012 онд хийгдсэн болно./
Сайн байна уу? Таныг АА-д яваад олон жил болж байгаа ахмад гишүүн гэж сонсоод эхний ярилцлагаа таниас эхлэхээр шийдсэн юм. Мөн таныг ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд уншигчид болон олон олон гишүүдийнхээ өмнөөс талархаж байгаагаа хэлмээр байна.
- Та АА-д хандаад хэдэн жил болж байна?
Сайн. Сайн байна уу. Юуны өмнө АА-гийн мэдээллийг багтаасан энэхүү site-д ярилцлага өгөх болсондоо баяртай байна. Миний хувьд АА-д хандаад 11 жил 6 сар болж байна. - Та хэдэн жил архины хамааралтай байсан бэ? Хэрэв дургүйцэхгүй бол тэр үеийнхээ талаар дурсаж болох уу?
Бололгүй яахав. 20-иод жил архитай нөхөрлөсөн. Анх 6-р ангидаа архи ууж үзсэн. Анхнаасаа л надад таатай мэдрэмж төрсөн. 8-р анги төгсөх жилээ 2-уулаа нэг юм хуваагаад уучихдаг, ахиад нэг юм яаж сэтгэхэв хэмжээнд очсон байсан. Ер нь тэгж хүнтэй нийцтэй биш, яриа хөөрөө муутай, архи уухаараа л их сайхан яриа хөөрөөтэй байсан маань ойр ойрхон архинаас таашаал авахад хүргэсэн. Сургууль төгсөөд, цэрэгт яваад, хань, үр хүүхэдтэй болоод, ажил төрөл хийгээд олны жишгээр сайхан амьдарч байлаа. Гэхдээ архи уух дуртай, үгүй гэхгүй баяр ёслолыг алгасахгүй архидаж түүнээсээ таашаал авч байлаа. 1990 он гарч нийгэм солигдоод бүх зүйл чөлөөтэй болж би наймаанд гадагшаа дотогшоо мордсон. Эхний үед их эрчтэй явж овоо мөнгө төгрөгтэй болж энэ чигээрээ байх юм шиг байнга л зугаа цэнгэл, архи дарс болсон нэг л мундаг хүн болж хувирсан. Нэг уухаараа заавал хэдэн хоног үргэлжилж уудаг шараа тайлдаг, хоол ердөө идэхгүй, хүйтэн ус уугаад л хий огиулаад л ер нь хүндрэх талруугаа орж эхэлсэн. Ажил төрлөө ч алдаж наймаа мөнгө төгрөг багассаар ер нь л уруудаж эхэлсэн. Сүүлрүүгээ зан чанар, ааш араншин эвдэрч уух л юм бол заавал юманд өртдөг, агсам согтуу тавьж, зодоон цохион хийж, 111т байнга очдог болсон. Гэр бүлийн уур амьсгал ч хүндхэн болж эхэлсэн. 2 охиныхоо дэргэд байнга элдэв ааш араншин гаргаж эхнэртээ гар хүрдэг болсон. Түүнчлэн архи уух л юм бол өмдөндөө орондоо шээдэг, гэртээ шээхээс гадна айлд шээгээд хөөгдөх үнэхээр гутамшиг байсан. Хийсэн үйлдэлдээ эхний үед харамсаж хэсэг хугацаанд уухгүй явдаг байсан. Энэ үедээ нэг л их ажил хэрэгч, хайр халамжтай сайн эцэг, сайн хань харагдах гэж хичээдэг байсан. Энэ байдал маань нэг их удаан үргэлжлэхгүй нэг л мэдэхэд ахиад л уулт, ахиад л хэрүүл зодоон сүүлдээ уулт маань улам ойртож заавал хордлогонд орж, хэвтэрт орж байж зогсдог болсон. Хордлогонд ороод элдвийн муу юм бодож унтахгүй шөнөжин хар дарж, зүүдлээд хар хөлстэйгээ цуваад хэвтэж байх үнэхээр хэцүү байдаг байсан. Мөн хордлогоо тайлуулах гэж эмнэлэгт олон удаа хэвтсэн. Эмнэлэгт хэвтэх үнэхээр хэцүү байдаг байсан. Өөрийнхөө ийм хэцүү, арчаагүй, сул дорой байгаадаа их гутарч шаналдаг, хүн мэдчихвий гэхээс их айж ичдэг, найз нөхөд гэж байхгүй их ганцаардмал байдаг болсон. Нэг удаа 3-н давхараас үсэрч азаар ямар ч гэмтэлгүй гарсан. Би өөрөө юу ч мэдэлгүй тасарсан, эхнэр хүүхэд, олон хүн үүнийг гэрчилдэг. Би тухайн үед эхнэрээсээ зугтааж үсэрсэн юмуу? Амиа хорлох гэж үсэрсэн юмуу? Мэдэхгүй… тэгээд л надад айдас төрж эхэлсэн. Ямар ч хяналт байхгүй, юу хийж, хаагуур явж, хэнтэй уулзсанаа мэдэхгүй, нэг л өдөр унаж үхнэ эсвэл хэн нэгэнд алуулах юм байна гэсэн бодолтой болсон. Олон удаа хүнд зодуулж, өнгөтэй өөдтэй юмнуудаа алддаг, ер нь надад ороолт, малгай, бээлий, цаг, бөгж, нүдний шил хэрэггүй болсон. Хаядаг, алддаг, эсвэл нэг шил архины барьцаанд тавиад орхидог байсан. Сүүлдээ архи гэдэг зүйлээс таашаал авахаа байж, энэ арчаагүй айдастай байдлыг мартах гэж, сэтгэл гутралаа давах гэж уудаг болсон. Архи уухгүй тодорхой хугацаанд эрүүл байх надад үнэхээр хэцүү байдаг байсан. Яаж архи уухгүй хүн шиг амьдрах вэ? Энэ арчаагүй байдлаас яаж гарах вэ? Бүх зүйл утгагүй санагдаж үхье гэсэн бодол ойр ойрхон орж ирдэг болсон. Архи уухаа болиод сайхан амьдрана гэсэн бодол хааяа орж ирээд л алга болдог байсан. Олон янзын эмчилгээ өөрийнхөө хэмжээнд хийлгэсэн. Тус болоогүй улам их ууж итгэл үнэмшилгүй болсон байлаа. Архичин болсон гэдгээ нэг л хүлээн зөвшөөрч чаддаггүй байлаа. Арай л биш би уух үедээ ууна, уухгүй үедээ уухгүй байж чаддаг гэсэн бодолтой, хэрэг тарьсан үедээ уухгүй нэг хэсэг завсарлага авч явдаг энэ үеэ л уухгүй явж чадаж байна гэж үздэг. Архичин хүмүүсийг орон гэргүй, өдөр болгон уудаг, уут үүрсэн хүмүүсээр төсөөлдөг. Би бол орон гэртэй, эхнэр хүүхэдтэй, үйлдвэрийн архи уудаг, эд нар шиг муу юм уухгүй гэж үгүйсгэдэг байсан. Намайг архичин гэвэл Монголчууд бүгд л ууж байна, би бол амьдралаа авч явж байна гээд бөөн хэрүүл маргаан болдог. Бусдын үгийг ер хүлээн авдаггүй байсан. Би эхнэртээ үнэхээр их баярлаж явдаг. Над шиг арчаагүй нөхрийг 10-аад жил дагаж, хөөцөлдөж, зодуулж нүдүүлж, элдвийн дарамт шахалт байнга амсаж, шээс баас хоол унд зөөж, 2 хүүхэд өсгөн, амьдралаа авч явах гэж зах дээр халуунд нь халж, хүйтэнд нь хөрч явсан. Бурхан надад үнэхээр сайн хань заяасан. АА-д орж ирэхээс 1 жилийн өмнө яг ганцаараа уудаг болсон, өөр хүнтэй уух ямар ч сонирхол байхгүй болсон. Сүүлдээ хань минь цөхөрч итгэл найдвараа алдаж, ах эгч нар нь ирж, миний амьдралыг шийдэхээр болж ээжийг минь авчирч “одоо яах вэ? Олон жил архи ууж амьдралаа бодохгүй арай дэндүү арчаагүй, одоо боллоо, дүүгийнхээ амьдралыг бодьё. Урьд нь олон удаа салж нийлж байсан энэ удаа бол сүүлчийнх нь”. Тэр үед үнэхээр хүндэрсэн өөрийгөө аваад явах ямар ч чадвар байхгүй, хань минь байсан тулдаа арай ч гудамжинд гарчихаагүй. Хэрэв салаад явбал бүх зүйл дуусаа. Би үнэхээр чин сэтгэлээсээ надад сүүлийн боломж олгооч, 2 хүүхдийг минь бодооч, ахиад хэзээ ч уухгүй амьдралаа бодно, ер нь л уух болгоныхоо маргааш амлалт өгсөөр ямар ч үнэ цэнэгүй болсон байлаа. Тэд ярилцаад “заа яах вэ 2 хүүхдийг чинь бодоод сүүлийн удаа, ахиад уух л юм бол дүүгээ аваад явна” гэж боломж олгож, би ч уухгүй байхын тулд эмнэлэгт хэвтэж, хордлого тайлуулж эхэлсэн. Ер нь уухаа больё, ядахдаа тааруулж уудаг болох хэрэгтэй байна, арай л дэндүү хэтэрч байна, архи л уухгүй бол сайхан амьдрана гэж бодоод хэвтэж байлаа. Нэг өдөр хамт уудаг байсан нөхөр хордлого тайлуулахаар эмнэлэгт хэвтэж манай өрөөнд орж ирээд ганц юм уухуу? гэсэн би уухгүй надад хүнд хэцүү байна гээд өөрийхөө тухай ярихад, ахиад уухгүй юм чинь ганц л татчих яавал гэж гэхэд нээрээ л ахиад уухгүй юм чинь гэж бодоод татаж орхисон, нэг мэдэхэд 3 хоног архи ууж яг юу болсоныг мэдэх юи алга, бүдэг бадаг орж гарч, эмчдээ агсам согтуу тавьж, орилж тайван байдал алдагдуулсан, эмч маань эхнэрийг чинь бодож чамайг олон удаа эмнэлэгт хэвтүүлж хордлогыг чинь тайлж байлаа, одоо боллоо ахиад хэзээ ч хэвтүүлэхгүй гээд хөөгдсөн. Нөгөө амлалт, ахиад хэзээ ч уухгүй сайхан амьдрана гээд байсан яасан бэ? Одоо яах вэ? Ердөө л үхэл бодогдож байсан, уусаар байгаад л үхнэ, юун эхнэр хүүхдүүд явбал явна л биз, яадгийн бүх зүйл дууссан гээд л элдвийн юм бодоод эмнэлэгийн гадаа сууж байсан гэнэт итгэл найдвар орж ирсэн нь наркологийн нэг эмэгтэй уулзаж байсан санаанд орж, тэр эмч АА-ийн тухай архичин хүмүүс хоорондоо ярилцах замаар архи уухгүй явдаг гээд л баахан юм ярьж байсан. Шууд л нөгөө эмч рүүгээ очсон. Өөрийнхөө зовлон бэрхшээлийн талаар ярьж, намайг авраач, надад туслаач гэсэн эмч маань сайхан хүлээн авч, шууд хордлогоо тайлуулж архигүй эрүүл амьдрах эхлэл тавигдаж АА-д орж ирсэн юмдаа. Хэрэв эхнэр маань салья гээгүй бол, эмнэлэгээс хөөгдөөгүй бол би АА-д орж ирэхгүй л байсан. Үнэхээр шалдаа буусан архичин гэдгээ чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрсөн хэсэг нь л АА-д үлддэг гэсэн үнэн юм билээ. - Бусад архины асуудалтай шаналж яваа хүмүүст АА нийгэмлэг түүний үйл ажиллагааны талаар товч тайлбарлаж өгөөч.
АА гэдэг маань Архичид Аминчлахуй буюу хоорондоо аминчлах нэр хаяггүй архичид гэсэн үг. Өөрсдийн нийтлэг зовлон бэрхшээл болох архидалтын асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэгдсэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл юм. АА-ийн гишүүн болоход нэг л шаардлага тавьдаг. Энэ бол архи уухаа болих чин хүсэл л юм. Өөр ямар нэг шаардлага байхгүй, үүрэг хариуцлага хүлээлгэхгүй, хураамж төлбөр авахгүй, гаднаас санхүүгийн болон бусад тусламж дэмжлэг авдаггүй, зөвхөн өөрсдийн сайн дурын хандиваар үйл ажиллагаагаа явуулдаг. АА нь шашны байгууллага биш. АА-ийн цуглаан гэхээр ямар нэг шашинтай холбох гээд байдаг. Ямар ч холбоо байхгүй. Улс төрийн болон бусад байгууллагатай эвсэн нэгддэггүй, элдэв маргаан мэтгэлцээнд оролцохгүй, аливаа зүйлийг дэмжихгүй, эсэргүүцэхгүй байр суурь байдаг. АА-ийн гол зорилго бол архи уухгүй байх мөн архичин хүмүүст архи уухгүй эрүүл саруул амьдрахад нь туслах явдал юм. Хамгийн чухал зүйл бол архидалтын асуудлыг ганцаараа өөрийнхөө хүчээр шийдэж чадахгүйд байгаа. Харин адилхан зовлон бэрхшээлтэй хүмүүстэй туршлага мэдлэг итгэл найдвараа хуваалцах замаар архи уух дур хүслээ дарж эрүүл саруул амьдралд суралцдаг. АА-д тогтсон удирдагч, дарга гэж байдаггүй, ээлжилж, солигдох зарчмаар явагддаг. Тэд захирдаггүй харин үйлчлэн тусалдаг. Хувийн мэдээллийг нууцладаг, заавал өөрийнхөө нэр ус, ажил төрлөө хэлэх шаардлагагүй ихэнх гишүүд маань нэрээ нууцалж өөр нэрээр АА-д явдаг. АА-д таны хэн байх, юу хийдэг, нас хүйс, шашин шүтлэг, мэдлэг боловсрол, нийгмийн гарал үүсэл, мөнгө санхүү огт хамаагүй бид зөвхөн архи уухгүй гэж л уулзаж нөхөрлөдөг. АА-д ямар нэг хууль дүрэм гэж байхгүй, харин туулж өнгөрүүлсэн алдаа, оноо туршлагаас үүдэлтэй 12 уламжлал гэж бий. Энэ уламжлалд бүлэг хэрхэн эв нэгдлээ хадгалах, яаж үйл ажиллагаа явуулах, орчин тойронтойгоо хэрхэн харьцах зэрэг зүйлсийг багтаасан зарчмууд юм. Хэрэв дагаж мөрдөхгүй бол тарж бутрана. Харин хувь гишүүд эдгэрэлтийн хөтөлбөр болсон 12 алхмыг дагаж мөрдөхийг хичээдэг. 12 алхам нь архичин хүний амьдралын хэв маягийг өөрчилж, архинд донтохоос чөлөөлж, эрүүл саруул оюун ухаантай хүн болж төлөвшүүлдэг оюун санааны зарчмууд юм. 12 алхамыг дагаж мөрдөх эсэх нь хувь хүний асуудал боловч эрүүл байдлаа хадгалж, аз жаргалтай амар амгалан амьдрахад чухал хэрэгтэй зүйл гэж ихэнх гишүүд үздэг. - Энэ хугацаанд таны амьдралд гарсан томоохон өөрчлөлтүүдээсээ яриач.
Архины асуудалгүй эрүүлээр амьдарч байгаа маань хамгийн том өөрчлөлт юм. Материаллаг байдал, оюун санаа, амьдралд хандах хандлага бүгд л өөрчлөгдөж өөрийн гэсэн бизнестэй олны жишгээр амьдарч явна. - Таны анх явж байсан үеийн АА-г одоо үетэй харьцуулвал ямар өөрчлөлт гарсан бэ?
АА маань Монголд анх Минессота загварын эмчилгээний хэлбэрээр орж ирсэн учраас эхний үед АА-ийн үзэл санаа үйл ажиллагааны талаар сайн ойлголт байхгүй учраа олохгүй алдаж онож уламжлалуудыг зөрчиж, АА-ийн хийж болохгүй зүйлсийг хийж хохирол амсаж явсан. 2004 онд Монголын АА-ийн анхдугаар чуулган хийснээр АА-ийн талаар төсөөлөлтэй болж, бодит өөрчлөлт гарах эхлэл болж өгсөн. Өнөөдөр АА үйлчилгээ үзүүлэх төв оффистой болж хувь гишүүд нь хөтөлбөрлүү анхаарлаа хандуулж оролдохыг хичээж, бүлгүүд маань уламжлалаа дагаж мөрдөхийг хичээж хөгжилийн үе шатаар алгуурхан урагшилж байна. - АА нь Дэлхийн олон оронд байдаг. Манай улсад бий болоод чамгүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд та хичнээн улс орны архичидтай уулзаж байсан бэ? Тэдний талаарх таны бодол, Монголчуудтайгаа харьцуулвал ялгаа нь юу вэ?
Өнөөдөр Дэлхийн бараг 180-аад оронд АА-ийн үйл ажиллагаа явагдаж байна. Манай оронд 1998 оноос анхны уулзалтууд явагдаж эхэлсэн. Миний хувьд Америк, Канад, Орос, Япон, Солонгос гээд олон орны архичидтай уулзаж туршлагаа хуваалцаж явсан. Америк архичин Япон архичин гээд өөр байдаггүй юм билээ. Орчин нөхцөл, ууж байсан архи нь л өөр байх. Бидний туулж өнгөрүүлсэн амьдрал, зовлон шаналал, саад бэрхшээл тэдгээрийг даван туулах гэсэн чин хүсэл, зарчим, үзэл бодол бүгд адилхан. Харин АА-ийн хөгжил дэвшил туршлагын хувьд биднээс илүү ба бидэнд тэднээс сурч мэдэх зүйл их байна. - Архи уухгүй эрүүл байх нь таны таны бие махбодид болон оюун санаанд ямар өөрчлөлт гарч байна?
Олон жил архи ууснаараа бие маань эрүүл мэндийн хувьд дордож, бүх л эрхтэнүүд өвчилсөн. Ялангуяа элэг олон удаа эмчилгээ хийлгэж үр дүнгүй бараг л эмчилгээгүй болсон байсан. АА-д хандаад 5 жилийн дараа бүх төрлийн шинжилгээ хийлгэсэн. Бүгд эрүүл гарсан. Эмч элэгийг хараад ямар эмчилгээ хийлгэсэн бэ? Үнэхээр сайхан болсон байна гэсэн. Би ямар ч эмчилгээ хийлгээгүй архи уухаа болиод 5 жил болж байна гэхэд эмч, тэгвэл аргагүй шүү дээ, элэг бол эрүүлжиж төлждөг эрхтэн, элэг 24 цагт 50грам спирт шүүх хүчин чадалтай гэж хэлсэн.Би 24 цагт хэдэн литр спирт уудаг билээ, тэгэхээр чинь яаж эрүүл байхав дээ. Мөн олон жил архи ууснаар оюун санааны хувьд өвчилж, зан чанар эвдэрч, сэтгэхүй маань архичин болж эрүүлээр амьдрах ямар ч чадваргүй болсон. Ийм болсон нөхөр зөвхөн архи уухгүй байснаар өөрчлөгдөнө гэж байхгүй. Гажуудсан, гэмтсэн, өвчилсөн оюун санааг өөрчилж эрүүлжүүлэхийн тулд бидэнд санал болгож байгаа 12 алхамтай ажиллах хэрэгцээ гарсан. Өөрийнхөө хэмжээнд эдгээр алхамуудтай оролдож эхэлснээр өөрийгөө таньж мэдэн, яагаад архичин болсон, ямар зан чанарын доголдолтой, яаж засаж залруулах гээд хөтөлбөрийн зарчмуудыг өдөр тутмын амьдралдаа мөрдлөгө болгохыг хичээгээд явж байна. Ер нь хувь хүний оролдлого үйл ажиллагаанаас өөрчлөгдөх эсэх нь хамаардаг. - Таныг уудаг байх үед нийлдэг байсан найз нөхдийнхөө талаар дурсаач. Одоо тэд таньтай холбоотой байдаг уу?
За даа олон найзууд маань уусаар байгаад хорвоогийн мөнх бусыг үзсэн. Зарим нэг нь АА-д орж ирсэн. Буцаад явсан нь ч бий. Уусаар амьдрал нь дордоод явж байгаа нь ч бий. Аль болох холбоотой байж тусалж дэмжихийг хүсдэг. - Таны гэр бүл АА-ийн талаар ямар ойлголттой байдаг вэ?
Гэр бүл маань эхний үед сайн ойлголт байхгүй учраас хоорондоо зөрчилдөх, одоо уухгүй л байна, болоо биз дээ, заавал явах ямар шаардлага байна? гэх мэтээр… Би ч гэсэн өөрөө юунд яваад байгаагаа ч сайн мэдэхгүй, нээрээ явах шаардлага байна уу? Болоо юм биш үү гэсэн бодол эргэлзээ байсан. Гэхдээ эдгээр хүмүүстэй яваад байхад архи уухгүй юм байна гэсэн итгэл байсан. Тэр үед туршлагатай хүн байсангүй. Одоо цаг үе өөр болжээ. Тодорхой цаг хугацааны дараа гэр бүл маань АА-ийн талаар ойлголттой болж, намайг дэмжиж АА-д явах боломж олгож, уулзалтанд суух, нэгдсэн арга хэмжээнд тогтмол оролцуулж ирсэн маань өнөөдрийг хүртэл эрүүл саруул байдлаа хадгалж явахад чухал нөлөө үзүүлсэн. Магадгүй намайг дэмжихгүй эсэргүүцдэг, уулзалтанд явах боломж олгодоггүй байсан бол би өнөөдөр ингээд явж байхгүй эргээд уух нь тодорхой байсан. Тэгэхээр эхний үед гэр бүлийн тусламж дэмжлэг юу юунаас илүү хэрэгтэй болохоор гэр бүлийнхээ хүмүүсийг АА-ийн нээлттэй уулзалтанд суулгаж, туршлагатай хүмүүстэй уулзуулж АА-ийн талаар зөв ойлголт өгөх нь цаашдаа эрүүл байдлаа хадгалж явахад хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. - Архи уусан байгаа согтуу хүмүүсийг хараад танд ямар бодол төрдөг вэ?
Биеэ авч яваа байдал, ярьж хэлж байгаа үг, өмсөж зүүсэн хувцас, ер нь бол яг би. Өөрийгөө л олж хардаг. Чи ийм л байна шүү гэж өөртөө байнга сануулдаг. Архины зовлонг мэдэх учраас хараад өрөвддөг. Боломж олдвол аль болох тусалж, архи уухгүй байх арга зам бий гэдгийг хэлж явахыг хичээдэг. - Бусад архины асуудлаа шийдэж чадахгүй байгаа хүмүүст хандаж та юу гэж хэлмээр байна?
Нэгэнт архинд донтох өвчтэй болсон бол эргээд хэвийн хэмжээнд уугаад ажил амьдралаа зохицуулаад явна гэсэн ойлголт байхгүй. Огт амсахгүй байх эсвэл уусаар байгаад үхэх гэсэн 2 л зам бий. Ихэнх хүмүүс би арай бишээ, архичин болоогүй гэж бодож явсаар байгаад бүүр доройтдог. Заавал ажил амьдралаа үгүй хийж, хэн ч биш болж дордож байж арга зам хайх хэрэггүй болов уу! Ажил амьдралтай байгаа дээрээ архины асуудлаа шийдвэл өөрт нь л хэрэгтэй. Үнэхээр таньд архины асуудал тулгараад арга замаа олохгүй байвал АА-ийн үүд хаалга таньд нээлттэй. - Сүүлчийн асуултыг таньд үлдээе.
Энэхүү сайтыг эрхлэн явуулж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Вэб сайт нээгдсэнээр олон олон зовж шаналж буй хүмүүст АА-ийн мессежийг хүргэх чухал гүүр болж өгнө гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.
Чин сэтгэлээсээ хэсэгхэн хором бидэнтэй ярилцсан таньд баярлалаа. Таньд болон танай гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.