/Энэхүү ярилцлага 2014 онд хийгдсэн болно/
Энэ удаагийн ярилцлага маань АА-ийн залуу гишүүн оролцож байгаагаараа онцлог юм. Сайтын маань зочноор оролцож, ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд юуны өмнө маш их баярлалаа.
– Ингээд уламжлал болсон эхний асуултаар ярилцлагаа эхэлье. Та АА-д хандаад хичнээн хугацааг өнгөрөөв. Энэ хугацаагаа товч дүгнэвэл.
За баярлалаа. Ярилцлага өгөх болсондоо би их баяртай байна. АА-д хандаад 2 жил 2 сар орчим болж байна. Урьд нь архи дарс уугаад явж байсан үетэйгээ харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай санагдаж байна. Ямар ч барих барьцгүй, явах чиглэлгүй байсан хүн өнөөдөр өөрийнхөө хэмжээнд нилээд зүйлийг ойлгон зүг чиг, арга барилаа олоод зүгширэх талруугаа өөрчлөгдөж эхэлсэн юм болвуу гэсэн бодолтой байдаг.
– Архины хор уршиг гэж юу юм бэ? Өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал дээрээ үндэслэж яриач.
Архины хор уршигийг тодорхой хэмжээнд хүн болгон мэддэг байх. Улам цаашаа лавширч явсаар байгаад эхний удаад амсаж эхэлж байсан бол уултынх нь тоо нь улам ойртож явсаар архинд нэг мэдэхэд гүн гүнзгий орчихдог юм болвуу. Ойр орчны гэр орныхондоо таагүй байдал үүсгэж эхэлнэ, цаашлаад хамт олондоо, найз нөхөддөө таагүй байдлыг үүсгэдэг байсан.
– Одоо зайлшгүй шаардлагаар архитай орчинд байх шаардлага гарахад ямар байдаг вэ? Хэрхэн энэ байдлаас давж гардаг вэ?
Орж ирээд 2 жил гаран болсон. Одоо энэ байдал харьцангуй гайгүй болсон. Өөрийн гэсэн энэ байдлаас гарах тактиктай ч гэх юмуу, тийм зүйлээс гарах талаар андуудынхаа ярианаас суралцаад явж байна л даа. Урьд нь бол найз нөхөд ч юмуу, хамт олонтойгоо сууж байгаад архи амсахгүй, уухгүй гарна гэдэг бол утгагүй санагддаг байлаа. Ямар нэгэн баяр ёслол, арга хэмжээ архигүй болно гэхээр санаанд ч орж ирдэггүй байсан. Тэгсэн хэрнээ тааруулаад тохируулаад уучихья гэж боддог боловч нэг л мэдэхэд чинээнд нь тултал уучихдаг байсан. АА-д орж ирсэн эхний үеүүдэд би уучих вий гэж их айдаг байсан. Үнэхээр архи уухгүй байхыг хүсч байвал огт амсахгүй байх юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгээд байнга нийлдэг ойр дотныхоо хүмүүст архинаас татгалзаж байгаа талаараа үнэнээ хэлж эхэлсэн. Энэ нь ч надад амар болж, шахаад байхаа больж эхэлсэн. Зарим үед танихгүй хүмүүс архиар шахах тохиолдол байна л даа. Тэр үед за би үнэхээр архичин хүн байгаамаа, наадхыг чинь уух л юм бол болихоо больчихдог юмаа гээд шууд л хэлчихдэг болсон л доо саяханаас л.
– Гэр бүл ойр дотныхон чинь АА-ийн талаар ямар ойлголттой байдаг вэ?
Манай гэр бүлийн хүн бол намайг үнэхээр дэмждэг. Урьд нь би их сургуульд байхаасаа л ууж эхэлсэн л дээ. Бичээд эхэлхээр бүүр багаасаа арван жилээсээ ууж эхэлсэн байдаг юм байна лээ. Нилээд идэвхитэй ууж эхэлсэн үе бол их сургуульд байхаас. Төгсөөд хань ижилтэй болоод эхэндээ уултууд хол хэвийн юм шиг явж байсан. Сүүлдээ уулт нь ойртоод зовлон бэрхшээл ар араасаа дагуулж авчирч хань ижилээ ихээр зовоож байсныг би одоо л бодож ойлгодгийн. Ханилснаасаа хойш 4-5 жил архидаж зовоож байсан, тэр аймшигтай үеүүдийг хань маань яаж тэвчиж байсан юм бол гэж боддогийн. АА-д орж ирсэнээс хойш эхнэрийн маань тэр зовлон бэрхшээл бага багаар хөнгөрсөн юм болвуу гэж бодож байна. Эхнэртэйгээ ний нуугүй ярилцсан л даа. Ямар ч байсан би өвчин туссан хүн юм байнаа, тийм болохоор би АА-ийн ярилцлага уулзалтанд явж, нөхдийнхөө үгийг сонсож, туршлагаас нь хуваалцаж, цаашид эрүүл саруул явах юм байна гэдгээ эхний ээлжинд хэлсэн л дээ. Тэрийг маань гэр бүлийн хүн маань хүлээн зөвшөөрч, тэгж байгаа бол миний хань явахаас яах вэ гэж хэлсэн. Тэгээд үнэхээр яваад 2 сар 3 сар уухгүй яваад ирэхээр гэр бүлийн уур амьсгал шал өөр болж итгэх итгэлцэл бий болж эхэлсэн.
– Ямар шалтгаанаар архийг уугаад байдаг байсан юм бол? Нууц биш бол.
Ер нь архины талаар буруу ойлголттой байсан юм болвуу гэж би өөрийгөө боддогийн. Багаасаа 10 жилд байхад л ангийхантайгаа нийлж дарвиад, томчууд аав ах нар ч юмуу баяр ёслолоор нийлж архи дарс уудаг тэрийг сургуульд байхаасаа л ажиглачихсан, 9-р ангид байхдаа л ангийнхаа хүүхдүүдтэй хамт нийллэгний үеэр 2-3уулаа салж гүйгээд л нэг шил юм олж ууж байсан, тэгээд анх нилээд согтож арай ч тасраагүй, сүүлдээ ангийхандаа агсам тавих маягтай болж ингэж л ууж эхэлж байсан байгаан. Архины сайн мууг мэдэхгүй томчууд уугаад байхад гэсэн маягаар л ууж эхэлж байсан юм шиг байгаан. Сүүлд оюутан болчоод тэр ойлголт маань арилаагүй ангийнхаа оюутнуудтай нийлж ууж байгаад л том том дуугараад л агсам согтуу тавьж эхэлдэг болсон. Тэгээд ууж байхдаа гаргасан үйлдлээ залруулах гэж ахин найз нартайгаа ууж байна гэсэн мунхаг бодлоор ууж явсаар байгаад нилээн архи ууж эхэлсэн. Ажил төрөл дээр гарахад нилээд уугаад сурчихсан цаашдаа бүр зорилгогүй ууж эхэлсэн. Би архиар нэг ч ажил бүтээж үзээгүй. Сүүлдээ найз нөхдөө уруу татаж уусаар нөгөөдүүл маань эхнээсээ зайгаа барьж эхэлсэн. 10 найзтай байсан бол 1-2 найзтай болж эхэлсэн. Үлдсэн 1-2 найз нь яг ижил архины сонирхолтой найзууд үлдсэн. Эхлээд ажил хийж байх дундуураа мэр сэр архи ууж байсан бол сүүлдээ архи, ажил 2 маань тэнцэж эхэлсэн. Тэгээд сүүлд нь архи уух дундуураа ажил хийх гэж оролдсон гэж би өөрийгөө ойлгоод байгаан. Явсаар явсаар лавширсаар сүүлдээ ажил хийх чадваргүй болж эхэлсэн. Энэ хугацаанд гэр бүлийнхээ хүнийг л их зовоосон байдгийн.
– АА төвд хандсанаар таны амьдралд ямар ямар өөрчлөлт гарсан бэ? Санхүүгийн хувьд ч юмуу?
АА-д хандсанаараа маш богинохон хугацаанд олон том том өөрчлөлт гарсан гэж би ойлгож байгаа. Би их сургууль төгсөөд 10-аад жил айлын хашаа байшин, хажуу өрөө түрээслэж гэр бүлтэй болчихоод яалт ч үгүй айлын хажуу өрөөнөөс нэг өрөө байранд шилжин түрээсээр л амьдарч байсан. АА-д ирэхээсээ өмнөхөн би байрны мөнгө цуглуулж эхэлж байсан. Тэгээд энд орж ирээд их зүйлийг ойлгож ухаарч, уухаа больсноос эхлээд цуглуулж байсан мөнгө маань хүртэл хурдан бүрдэж, байранд өгөх урьдчилгаа маань хурдан бүтэж байраа захиалж чадсан. 1 жилийн дараа гэхэд шинэ байрандаа орсон. Энэ орох оронтой болсон маань хамгийн том өөрчлөлт гэж боддог. Тэгээд хийж байсан бага сага зүйлс маань дандаа оновчтой зөв болж эхэлсэн. Тэгээд байрандаа орсоноос 10 сарын дараа гэхэд унах унаатай болж машин авсан. Тэгээд өшөө яриад байвал их л өөрчлөлт байна л даа.
– Уудаг байх үедээ нийлдэг байсан найз нөхдийнхөө талаар дурсаач. Одоо тэдэнтэйгээ холбоотой байдаг уу?
Уудаг байх үед найзуудын маань тоо цөөрсөөр цөөрсөөр сүүлдээ 1-2 л үлдсэн. Наашаа орж ирэхээсээ өмнө би Төгсун эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад орж ирсэн л дээ. Тэгээд уухгүй явж болох юм байна. Энэ нь өвчин юм байна гэдгийг ойлгож мэдээд үлдсэн хамт ууж байсан хэдэн найзыгаа эмнэлэгт байхдаа л дуудсан. Дампуурсан утга учиргүй архидалтын учрыг би олчлоо гээд найзуудыгаа дуудсан л даа. Тэгээд тэр найз маань ажил төрлөө цэгцэлж байгаад ирье гээд явсан одоо ойрд ирэхгүй л байна. Хүнийг чинь бас тэг ингэ гээд байж болдоггүй л юм байна. Зарим найзуудын маань хувьд би уухаа больсон чинь цуглаанд явахгүйгээр өөрсдөө архинаас татгалзаж эхэлсэн. Тэгэхээр би их уруу татдаг байсан юм шиг байгаан. Нэг найзын маань хувьд уусаар байгаа, уул нь энд ирж сууж сонирхосон мөртлөө архичин гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрч чадаагүй юм шиг байгаан хэсэг явж байгаад больсон. Хуучин хэвэндээ ажлаа хийнгээ архиа уусан байдалтай л явна.
– Одоо согтуу хүн хараад таньд ямар бодол төрдөг вэ?
Эхний нэг жил уусан согтсон хүмүүсээс цэрвэдэг байсан, сүүлдээ ойлгосон л доо уугаад тасарсан хэвтэж байгаа хүнийг хараад надтай л адилхан хүн ш дээ, АА-ийн хаягийг заагаад өгчих юмсан гэж боддог болсон л доо. Гэр бүлийн хүрээнд эхнэр хүүхэдтэйгээ 3 уулаа байдаг болохоор би уухаа болихоор гэрт эрүүл орчин бий болж байгаа юм л даа. Хамт олны дунд бол тийм хүмүүс байна л даа. Би өөрөө тэр байдлыг бодитоор туулаад ирсэн болохоор хэцүү байдаг л даа. Ганц нэгийг нь дагуулж энд ирсэн. Энэ дээр би их болгоомжтой хандах ёстой юм байна гэж сүүлдээ ойлгосон. Эхлээд сэтгэлийн хөөрлөөр болдог юм байна гэж бодоод хамт уудаг байсан 2-3 найзаа авчирч байсан. Тэгээд сүүлдээ энэ нь хувь хүний бас сонголт юм байна гэдгийг мэдсэн. Тэр хүн АА-г надаас сонсохгүй уусан хэвээрээ явж байгаад оновчтой мессеж аваад орж ирэх байсныг би буруу ойлголт өгөөд цааш нь түлхэчих вий гэж болгоомжлох болсон. Хүн болгонд хэлээд нааш ир гээд байх биш, хамгийн гол нь тухайн хүний архи уухгүй байхыг хүссэн чин хүсэлтэй байх нь чухал юм байна гэдгийг ойлгосон.
– Байнга л архины талаар яриад явчихлаа гэж бодох байх. Архинаас гадна АА-ийн юу нь таныг өөртөө татах болсон бэ?
Эхлээд тэр архиныхаа асуудлыг шууд зогсоож чадсанаараа би олзуурхаж АА-д татагдсан. Яагаад гэхлээр 7 хоногт 2 удаа уулзалт ярилцлаганд сууж андуудтайгаа байснаар дараагийн цуглаан хүртэл би архины талаар бодохгүй байж чаддаг. Ингээд эрүүл саруул архигүй амьдраад явах боломжтой юм байна гэж би итгэсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа би 12 алхам хөтөлбөр гэж байдаг юм байна, үүнийг дагаж мөрдсөнөөр хүн хүсвэл өөрчлөгдөж чаддаг юм байна гэдгийг л би ойлгосон. Оюун санааны түвшинд, бие бялдрын ч түвшинд хүн өөрчлөгдөх бүрэн боломжтой юм байна гэдгийг мэдсэн. Архи уухгүй байх чин хүсэл шигээ, цаашлаад хүн өөрчлөгдөх чин хүсэлтэй байх ёстой юм байна гэж бодсон. Миний нүдэн дээр андууд маань алхам хөтөлбөртэйгээ ажиллаад зан чанар, оюун санаагаараа өөрчлөгдөж байгаа нь татагдах шалтгаан болсон. Эрүүл саруул амьдрахаас гадна эмх цэгцтэй, хүн ёсоор амьдрах хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Ингээд цаашдаа алхам хөтөлбөрөө эргэлт буцалтгүйгээр оролдож эхлэхээр шийдсэн.
– АА-ийн залуу гишүүний хувьд бусад архинд шаналж яваа залуустаа хандаж юу гэж хэлмээр байна.
Залуу хүнд хийж бүтээх эрч хүч дүүрэн байдаг л даа, яг энэ эрч хүчтэй үедээ архинд автаад байгаа нарийн учраа олохгүй явсаар яг ид хийж бүтээх насан дээрээ дийлэлгүй архинд орчихдог юм болвуу гэж ойлгоод байгаан. Архи уучаад өглөө нь шараа тайлах гэх мэт архины буруу ойлголтуудаас болж цаашлаад эмгэгтэй болж улам л уруудаж доройтдог ийм л асуудал юм байна гэж хэлмээр байна. Өөрөө нилээд уугаад байгаагаа гадарласан боловч өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байх гэдэг бас их хэцүү байна. Би ууж байхдаа өөрийгөө болохгүй байгаагаа мэдээд байсан хэрнээ жоохон хэтрүүлээд л байх шиг байна гэж бодохоос архичин болцон гэдгээ мэдэхгүй явсан юм байна лээ. Тэгэхээр үнэхээр өөрийгөө уугаад байгаагаа мэдэж л байгаа бол газар авхуулалгүйгээр хайран алтан цаг хугацаагаа үрэлгүйгээр, хийж бүтээх тэр хугацаагаа алдалгүйгээр энэ асуудлаа шийдэх боломжтой юм байна гэдгийг л хэлмээр байна.
– АА-д хандсанаар одоо таны хүмүүст хандах хандлага, харах өнцөг тань хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Тэр байдал 180 градус буюу эрс өөрчлөгдсөн гэж хэлж болно. Урьд нь юм болгонтой уралддаг, юм болгоныг харьцуулдаг, хэдэн найзыгаа хүртэл сайн муугаар нь ялгачихсан, хамт олноо хүртэл сайн муугаар ялгаварлаж байсан. Өмнө нь жаахан санал, үг зөрсөн хүнийг муугаар бодох, гайгүй яваа нэгэндээ атаархадаг, бүх болж бүтэхгүй бүхнийг дотроо агуулж явсан юм шиг надад санагдаад байгаан. Одоо болохоор эрс тийм мундаг өөрчлөгдсөн гэх нь хаашаа юм гэхдээ ямар ч байсан би зөв зам дээр гарж ирчээд байгаа, зөв чиглэлд явж байгаа гэдгээ л ойлгоод байгаа. Нэг анд маань бас хэлж байсан: энэ хорвоо дээр богинохон хугацаанд ирээд үдлээд буцахын хооронд тийм олон хүмүүсийг гомдоож, тийм олон хүмүүсийг үзэн ядаж, тийм олон хүнд гай зовлон учруулж ингэж амьдраад яах юм бэ гэж. Энэ үгийг сонсоод надад их олон юм бодогдсон л доо. Юу ч бололгүй уурлаад уцаарлаад зодолдчих гээд байсан бол тэр маань намжиж багасч байна, хүмүүсийг дугаарладаг байсан бол бүгд л адилхан амьдрах гэж ядаж яваа гэж бодох болсон, сэтгэл зүрхтэй бол сэтгэл зүрхтэй, асуудалтай бол асуудалтай адилхан л хүмүүс гэдэг утгаар нь ойлгоод байх шиг байгаан сүүлийн үед.
– Ингээд сүүлийн асуултыг танд үлдээе.
Монголын ирээдүй болсон залуучууд маань архи дарсанд хордоод, ямар ч хийж бүтээх чадваргүй болоод байгаа нь их том эмзэглүүлсэн асуудал. Үнэхээр тийм асуудал байнаа гэж өөрийгөө ойлгосон бол энд асуудлаа шийдвэрлээд явах бүрэн боломж бололцоо байдаг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдрээд явж байна даа гэж хэлмээр байна. Мөн намайг эрүүл саруул амьдралд болон үргэлж сайн сайханд үлгэрлэн дагуулж байдаг АА-ийн андууддаа баярлаж талархаж явдаг аа илэрхийлье.
Чин сэтгэлээсээ хэсэгхэн хором бидэнтэй илэн далангүй ярилцаж бодол санаагаа хуваалцсан таньд маш их баярлалаа. Таны гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.