/Бодит түүх/
“Охид минь архи бол талх биш гэдгийг ойлгоорой”…
Энэ үгийг Улаанбаатар хотын унаган охин Б, архи гэдэг зүйл охид, эмэгтэйчүүдэд ямар хор хөнөөлтэй гэдгийг ойлгуулгах үүднээс нийтлэсэн болно. Тэрбээр өдгөө 45 настай, гурван хүүхдийн ээж. Бас архи гэдэг дайснаа ялахаар тэмцэж яваа бүсгүй. Б уншигч тантай амьдралынхаа эрээн барааныг хуваалцлаа.
1992-1996 он. Эрч, хүчтэй охин нэгэн томоохон оёдлын үйлдвэрийн ажилчин болов. “Дөчин мянгатын ганган охин” гэгдэх тэрбээр хааяа эгч нарынхаа архинд гүйж өгнө. Гэтэл жилийн дараа балгадаг хүмүүсийн эгнээнд элсэв. Зургаан жилийн дараа ажилд орсон “шинэков”-уудыг архиндаа гүйлгэдэг архгуудын нэг болж, “тушаал дэвших” нь тэр. Гэхдээ “Би архичин биш” гэсэн бодол дотроо тээсээр.
1996-2002 он. Нөхөртэйгөө танилцаж, гэр бүл боллоо. Ууган хүүгээ өлгийдөж аваад амьдралын сайхныг “жинхэнэ утгаар нь” мэдэрч эхэлсэн байна. Дахин нэг хүү, охины ээж болжээ. Энэ хугацаанд хуучин нөхөд, шинэ танилуудтайгаа наргисан хэвээр байв. “Архичин биш” гэх бодлоо ч орхисонгүй.
2003 он. Нөхөртэйгөө таарамжгүй харилцаатай болж, гэр бүлээ цуцлуулав. Отгон хүүгээ нөхөртөө өгч, том хүүхдүүдээ аав, ээжээрээ харууллаа. Дөнгөж 30 гаруйхан настай залуу бүсгүй ганц бие байхын жаргалыг эдэлж, сархад хүртсээр.
2004-2012 он. Хувийн оёдлын газар нээж, хэдэн эмэгтэйтэй хамтран ажиллаж эхлэв. Тогтмол ч гэсэн хэтрүүлэн уудаггүй байсан архийг согтож, ухаанаа алдтал уудаг болох нь тэр. Гудамжинд хэдэнтээ хоносон удаатай. Ажил, гэр гээд хаана ч хамаагүй найр хийж, 2-3 хоног дараалан уудаг болчихжээ. Энэ үеэс “Энэ архийг дахиж л уухгүй юм шүү” гэж боддог болов. Хүүхдүүд нь ээждээ дургүй болж, маргалдаад, гэр бүлд таагүй харилцаа ноёрхлоо.
2013-2016 он. Хоёр хүүхэд нь гэр бүлтэй болж, зээтэй ч болов. Сархад хүртсэн хэвээр. Хундагатай архийг татдаг тамхи шигээ хэрэглэдэг болов. Өдөрт багадаа 10-30 мянган төгрөг архи, тамхинд зарцуулна. Хүү нь ээжийгээ үзэн ядаж эхлэв. Цүнхэлж ирсэн архийг нь хагалж, шуугиан дэгдээнэ.
“Чиний мөнгөөр архи уугаагүй. Чамд хамаагүй” гэж хүүгээ зандарна. Архи хайран санагдаж, гэрээсээ зугтдаг болох нь тэр. Долоо хоног тасралтгүй архи уусан үе цөөнгүй. Нойр, хоолноос гарч, архинаас өөр хүсэх зүйлгүй болов. Харласан нүүр, хөхөрсөн уруул. Хүн биш, амьтан шиг болжээ.
2017 он. 20 гаруй жил нөхөрлөсөн архиа орхихоор шийдэв. Ээжээсээ ичиж, уулзахаа больсон хүүхдүүдийнхээ үгэнд орж, донтох эмгэгээ эмчлүүлж эхэллээ.
Одоо тэр “Эцэг, эхийн минь үлдээсэн байр байгаагүй бол гудамжинд гарах байлаа. 25 жил ажил хийгээд хиртэй хэдэн хувцаснаас өөр зүйл өөртөө наасангүй. Зээ дээрээ нүүр бардам очдог болох минь” гэсэн бодол тээж явна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин 2017-02-02