/2014 онд хийгдсэн ярилцлага/
Энэ удаагийн ярилцлага маань АА-ийн эмэгтэй гишүүн оролцож байгаагаараа онцлог юм. Зочноор оролцож, ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд юуны өмнө маш их баярлалаа.
- Ингээд уламжлал болсон эхний асуултаар ярилцлагаа эхэлье. Та АА-д хандаад хичнээн хугацааг өнгөрөөв.
АА-д анх 2005 онд хандаж байсан. Тэгээд яг үнэндээ тухайн үед гүйцэд сайн ойлгохгүй явж байсан. 2006 оны 11 сараас эхлээд би өөрийгөө жинхэнэ АА-гийн гишүүн болсон гэж тооцдог. Тэр үеэс л одоог хүртэл явж байна. - Монголын АА-д эмэгтэйчүүд хэр их байдаг вэ?
Миний мэдэхээр одоогийн байдлаар 70-100 эмэгтэй гишүүдтэй байдаг. АА-д хандаад орж гарч байсан эмэгтэйчүүд гэвэл мэдээж маш их байгаа. - Эмэгтэйчүүдийн цуглаан гэж байдаг. Түүний онцлог, үйл ажиллагааны талаар таны бодол.
Бусад цуглаанаас юугаараа онцлогтой вэ гэхлээр архичин эмэгтэй хүн нийтийн цуглаан дунд ярилцаад байж чаддаггүй сэдвүүд байдаг. Гэр бүлийн асуудал байна, хувийн асуудлууд байна, үр хүүхдийн асуудал байна. Энэ болгонд бүлгийн хаалттай ярилцлага уулзалт явагддаг. Энэ нь хувь хүндээ илүү хэрэгтэй юм болвуу гэж боддог. Би архичин болж байх үедээ нөхрөөсөө салсан байдаг. Тэрнээс хойш маш олон асуудлууд гарч байсан ч би ойшоож үзэхгүй явж байгаад анх “Шинэ алхам” бүлгийн уулзалт ярилцлагад хандаж байсан, тэгээд яваандаа эмэгтэйчүүдийн цуглаанд суух шаардлагатай юм байна гэж үзээд эргэлт буцалтгүйгээр эмэгтэйчүүдийн цуглаанд явахаар шийдсэн байдаг. Бусдад нэг их яриад баймааргүй асуудлуудаа хоорондоо ний нуугүй ярилцаад явдаг, тэгээд ер нь л энэ уулзалт ярилцлага өөрийгөө амар амгалан байлгахад, өмнө хийж байсан нүгэл хилэнц, дотроо хадгалж явсан муу муухай бодол бүх юмаа тэнд ярилцаад өөрийгөө чөлөөлж өгөх л хэрэгтэй юм байна лээ. Энэ өөрийгөө чөлөөлж байдаг газар маань эмэгтэйчүүдийн цуглаан юм байна, мөн бусад бүх цуглаан ч бас орно гэж бодсон. - Таны гэр бүлийнхэн болон ойр дотныхон тань АА-гийн талаар ямар ойлголттой байдаг вэ?
Хамгийн анх хандсаны дараа бүгд маш их баяртай байсан. Нэг хоёр жилийн дараанаас дэмий ч гэх юмуу хандлагууд гарч ирж байсан, тэртээ тэргүй ойлгох алба байхгүй, зарим нь ойлгохгүй үе их гардаг, би найман хүүхэдтэй айлын долоо дахь хүүхэд, миний ах эгч нар бүгд тэрийг ойлгоход бас хэцүү. эхний үед би тэдэнд намайг дэмжсэнгүй ойлгосонгүй гэж хүчээр бодлоо тулгадаг байсан. гэхдээ энэ бүгдийг би өөрөө зөв явж, зөв үлгэрлэж чадвал, эргээд тэд ч ойлгож эхэлсэн. Цуглаанд явлаа гээд гэр бүл болон өөрийн ажлаа үрэн таран хийж болохгүй, бүгдийг л зохицуулж явах ёстой юм байна гэдгийг л ойлгосон. Одоо бол гэр бүлийнхэн маань намайг маш сайн ойлгодог. - Нууц биш бол архийг ямар шалтгаанаар уудаг байсан бэ?
Ямар ч шалтгаан байхгүй зүгээр л наргиж цэнгэж уудаг байсан, эхлээд пиво уудаг байсан бол дараа нь вино гээд л сүүлдээ шал дэмий юм байна гээд цагаан архи уудаг болоод эхэлсэн. Энэ байдал нь олон жил давтагдаад улам даймжирч донтолт болсон байсныг ерөөсөө ойлгохгүй явсан. Амьдралд янз бүрийн асуудал гарч ирэхэд тэрийг зовлон гэж ойлгоод, түүнийгээ мартах гэж байна гэж уусаар нэг мэдэхэд архичин болсон байсан. Өөрийгөө дийлэхээ больсон байсан. Яах учраа олохгүй цаг хугацаа их алдсан байдаг. Одоо энэ өнцөгөөс харахад тэр цаг хугацаандаа харамсахаа больсон. Ер нь дэндүү жаргалтай байж дээ, эцэг эхийн гар дээр зовлон гэдгийг үзээгүй, мэдрээгүй, наргиан цэнгээн хөөж, хүний өмнөөс үгүй гэж хэлж чаддаггүй, даган баясдаг гээд л олон олон чанарууд нөлөөлсөн байдаг. Энэ бүгдийг АА-д яваад эрүүл саруул байхаар ойлгож, өөрөө өөртөө дүгнэлт хийж эхэлдэг юм байна. Мөн үнэнээс их зугтаж байсан байдгийн, тэгэхээр өөрөө өөртөө чин шударгаар үнэн хандаж, дүгнэлт хийх ёстой гэдгийг ойлгосон. - АА нийгэмлэгт хандсанаар таны амьдралд ямар ямар өөрчлөлт гарсан бэ?
Архинаас татгалзах аргаа олж авсан. АА-гийн эдгээр саналууд нь надад их тохирсон санал байсан. АА-д хандсанаар надад гарсан хамгийн том чухал өөрчлөлт нь амар амгалан амьдрал юм. Энэ л хамгийн чухал нь тэрнээс эд хөрөнгө бол нэг их энд чухал биш, эд хөрөнгийг бий болгож болно, энэ нь үндсэн мөн чанараас арай өөр зүйл болно. Өөрөө өөрийгөө зөв зам дээр зогсож байгааг олж харах, амьдрал дээр өөрөө өөртэйгөө ажиллаад ирэхээр хангалттай зөв сайхан болоод ирдэг. Хүн бусдаас суралцах зүйл маш их байдаг юм байна, хүнийг хүн талаас нь харж сурах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд их л юм байгаа даа, мянга сонсохоор өөрөө ирээд нэг үзээчээ л гэж хэлмээр байна. - Одоо ямар нэг байдлаар баяр ёслол, нийллэг гээд архитай орчиноос өөрийгөө хэрхэн авч гардаг вэ?
Хүмүүс баярлаж байхад би хүмүүсийн баярыг унтрааж болохгүй шдээ, дунд нь хамт баяр хүргээд зүгээр л сайхан байж чадах тэр чадвар АА-д хандсанаас хойш одоо надад суусан гэж боддог. Тэрнээс өө би ингэмээр байна тэгмээр байна гээд байх зүйл одоо надад байхгүй болсон. - Урд нь ууж байх үедээ нийлдэг байсан найз нөхөдтэйгөө одоо ямар холбоотой байдаг вэ?
Яг архины найз гэж байдаггүй юм байна лээ. Тухайн үед найз гэж байсан чинь найз биш л байсан. Зүгээр л архиар холбоотой болохоос. Бүр багаасаа эхлээд нийлж байсан найзууд тэртээ тэргүй шалгагдаад үлддэг юм байна лээ. Нөгөө талаасаа би их муу хүн байсан гэдгээ олж харсан. Тэгэхээр найз нарт буруу өгөх шаардлага байхгүй. Хэн ч гэсэн аймшгийн царайлцан архи уугаад очихоор найз найз гээд сүйд болохгүй шүү дээ, тэд чинь эрүүл ухаанаар харж, бас нэр хүндээ бодож байж болно. Би тэгэхээр тэр хүмүүст буруу өгөх шаардлага байхгүй гэж боддог. Одоо бол найз нартайгаа зүгээр л харьцаж л байдаг. Өөрөө бий болгосон аймшгийн архичины амьдралаа бусдад нялзаах хамгийн буруу юм байна гэж АА-д явж байгаад сүүлд нь ойлгосон шүү. Өмнө нь бол их л гомдоллодог байсан. Одоо бол хэн нэгэнд гомдох шаардлагагүй гэж бодсон. - Эмэгтэй хүн гэж таны бодлоор ямар байх ёстой вэ?
Миний бодлоор эмэгтэй хүн, бид нар хамгийн чухал нь үр удмаа үлдээдэг гэдэг утгаар эр хүн хэдий үүрэгтэй ч хүүхдээ өөрөө төрүүлдэг болохоор нэгдүгээрт маш тайван байх ёстой юм байна, хоёрт үр хүүхдээ тээж байх хугацаандаа тэр элдэв санаа бодлоо муу зүйлрүү зүглүүлж болохгүй юм байна, тэгээд ч одоо үед хүмүүс оюун санааны хувьд түвшин нь их гайгүй болоод байгаа юм шиг. Эмэгтэй хүн хүнийг хайрлаж чаддаг, хайраар өөрийгөө бий болгоочээ л гэж хэлмээр байна, гэхдээ энэ их хэцүү юм байна лээ би ч өөрөө өмнө нь сайн мэддэггүй байсан. Хайр чинь дотроо үр хүүхдийн хайр, эцэг эхийн хайр, найз нөхдийн хайр, бусад хүмүүст хандах хайр, яахав эцэг эх ах дүүдээ хүн хайраа зориулж чаддаг байх, харь элгийн хүн гэдэгшд тэд нарт хайраа сайн хүргэж чаддаггүй юм шиг санагддаг. Хүн бусдыг хайрлаад сурахаар ямар түвшинд хүрэх вэ гэж, эхлээд хүнийг ойлгоод сурахаар хайр дараа нь бий болдог гэж боддог. Эмэгтэй хүн бусдыг хайрласнаараа нийгэмд эзлэх байр суурь нь бэхжээд ирдэг юм болвуу гэж боддог. Энэ зөвхөн миний бодол шүү. - Тодорхой цаг хугацаанд та эрүүл саруул явж чадлаа. Одоо уур бухимдал төрөх үед хэрхэн давж гардаг вэ?
Анх уур бухимдлаа огт анзаардаггүй, мэддэггүй явсан байна лээ. АА-д хандаад эхний үед л уур бухимдалаа анзаарч, маш их стрессдэж эхний хоёр гурван жил их уур хүрдэг байсан. Тэрнээсээ яаж гарах арга замаа мэдэхгүй их будилж, шийдэж чадахгүй байсан. Нэг өдөр би энэ уур бухимдлыг яах ёстой юм бэ? Яагаад ингээд уур хүрээд байна вэ? гэж өөрлүүгээ ахин илүү анхаарах шаардлагатай болж, олон ном сонин уншиж эхэлсэн. Хамгийн эхлээд өөртөө бий болгосон юм маань муу зүйлийн талаар мэдээ, зурагт, шар сонин үзэхээ болихоор шийдсэн. Энэ бол миний өөртөө хэрэгжүүлэх эхний арга байсан. Хар муу мэдээллүүд нь хүнд хар муу бодлыг төрүүлж байдаг юм шиг санагдсан. Харин түүний оронд сэтгэлгээний номнууд их уншиж эхэлсэн, гэхдээ би хэтэрхий тийм яруу найраг энэ тэрд дуртай биш л дээ. Хааяа л ганц нэг гоё шүлэг сонсох дуртай. Өөрөө өөрийгөө хөгжүүлэх талын ном их уншиж эхэлсэн. Бурханы талаар надад ямар ч ойлголт байхгүй байсан. Тэгэхээр Бурхан гэж юу вэ? Яагаад энэ хүмүүс гэгээрэх гээд яваад байгаан? Гэгээрэл гэж ер нь юу вэ? гээд л бодоод ирэхээр тэр уур бухимдлыг аяандаа дарж өгөх зам нь гарч ирсэн. Өмнө нь бүтэн өдөр, маргааштайгаа уурладаг байсан бол одоо уурласан ч удалгүй би яагаад ингэчихвээ, энэ дээр ингэх ёстой байсан байна гэж боддог болсон байна лээ. Боддог болно гэхээр дараа нь энэ тохиолдолд уурлах гээд байвал азнаж чаддаг болох эсвэл арай бага уурлаж эхэлдэг юм шиг байгаан. Уурласан бол уучлал гуйж чаддаг болсон байна, амаараа хэлж чаддаггүймаа гэхэд мэссэжээр би сая дэмий юман дээр уурлачихаж гээд уучлал гуйгаад сурчихсан чинь эргээд тэр хүмүүс маань намайг ойлгоод эхэлдэг болсон. Сайн зуршил дадлыг өөртөө бий болгох их хэцүү, муу зуршлыг хэдхэн хоромд сурч болдог гэж би нэг номон дээрээс уншиж байсын. Муу зуршлыг сайн зуршил болгоход чамаас хэд дахин их хүч гарна гэсэн байгаан. Тэгэхээр аль болох муу зуршлыг өөртөө бий болгохгүй байх, энэ дээр хүн өөрөө өөртөө хяналт тавих, сайн зуршилаа байнга тордож байхаар аяандаа бага багаар арилж байдаг юм болвуу гэж боддог болсон. - Бусад архины асуудалтай шаналж байгаа эмэгтэйчүүдэд юу гэж хэлмээр байна вэ?
Эмэгтэйчүүд гэж бүр яг онцолж хэлэх юм бол, уг нь бол эрчүүдийг ноён нуруу гэж ярьдаг шд гэтэл тэр ноён нурууг авч явдаг хүн нь ерөөсөө л эмэгтэй хүн гэдгийг л бүр сайн ой тоондоо хүртэл ойлгох, нэг үг байдаг шд “эр хүний дотор эмээлтэй хазаартай морь, гэтэл эм хүний дотор эмээлтэй хазаартай морь эзэнтэйгээ багтдаг” гээд л. Ер нь эцсийн шийдвэр гаргаж байгаа нь хувь хүн өөрөө л байдаг. Алдартай маш олон хүний ар талд эмэгтэй хүн л байсан байдаг. Сүүлийн үед ажиглаад байхад эмэгтэй хүн нь уруудсан гэр бүл хэзээ ч өөдлөхгүй юм байна лээ. Эрэгтэй хүн цагаа тулахаар эхнэрийнхээ үгээр явдаг гэр бүлүүд маш их байдаг юм байна лээ. Тэгээд тэсэхээ болихоороо салалт үүсдэг, энэ нь сүүлийн үед их ажиглалт хийхээр мэдрэгдсэн. АА-д явсанаар бусдаас маш их суралцаж, бусдад элдэв чирэгдэл учруулахгүй өөрөө өөртөө маш их анхаарах цаг гардаг. Тэгээд эмэгтэй хүн та үнэхээр архины асуудалтай болж байна гэж бодож байвал ганцхан удаа өөртөө цаг гаргаад эрүүлээр бодоод энд хандаж нэг үзээчээ, гэхдээ АА танд тохирох эсэхийг би хэлж мэдэхгүй. Миний туршлагаар АА-д хандаад үлдэж чадсан хүмүүс алдсаныг бий олж хараагүй шүү гэж хэлмээр байна. Танд манай хаалга үргэлж нээлттэй, утаснууд нээлттэй, энд өөрийнхөө төлөө хандвал бид бас баяртайгаар таныг хүлээж авах болноо. Та бүгдийг Бурхан ивээг л гэж хэлмээр байна. - Ингээд сүүлийн асуултыг танд үлдээе.
Нэг номон дээр “Үнэнээс зугтсан хүн, зовлон гутамшигийн үүд хаалгаа нээсэн байдаг” гэж байдаг. Тэгэхээр хүн хэн ч бай үнэн рүү тэмүүлээч, өөрөө өөртөө шударга хандахыг хичээгээч, бусдын юу гэж хэлэх хамаагүй, бусдад магтуулахдаа гол нь биш, үнэн үгийг таны хамгийн сайн хүн чинь хэлдэг. Тэр нь найз чинь ч байж болно, аав ээж ах дүү ч байж болно. Үнэнийг хэлсэн хүнд өширхөдөг гэж үнэн юм байна лээ, тэгээд би үнэнээс их зугтаж явсан байна лээ. Шударгаар өөртөө үнэлэлт дүгнэлт хийнэ гэдэг маш хүнд боловч энийг хийж чадвал ямар амар амгаланг өөртөө бий болгосон гэдгээ одоо бодохоор их баяртай байдаг. Үйлийн үр гэж ойлголт байдаг, энийг сайн ойлгож авахыг хичээгээрэй, сайн үйл сайныг л дагуулна, муу үйл мэдээж муу бүхнийг дагуулж байдаг. Жишээ нь хэрүүл тэмцлээс ямар үр дагавар үүсдэг вэ, хэрүүлтэй айл хэзээ ч өөдөлдөггүй гэдэгтэй адилхан би өнөөдөр ганцхан үнэнийг олохын тулд өөрөө өөртэйгөө л тэмцсэн. Өмнө нь үнэнээс болон өөртөө шударга хандахыг мэддэггүй байсан, нэг өдөр өөрөө өөртөө шударга хандахад өөрөөсөө үнэхээр айсан. Би ер нь хүн мөн юмуу гэж бодсон. Ертөнцөд хүн болж төрнө гэдэг хамгийн хариуцлагатай албыг үүрч байгаа шүү гэсэн гоё зүйл байдаг юм байна лээ. Тэр олон будаанаас зүүний үзүүр дээр тогтож төрчөөд хүн байх тэр сайхан хариуцлагатай, нэр төртэй албыг нэг хэсэг хаясан байсан. Тэрийг архи ууж байгаа, нэн ялангуяа энэ зовлон шаналалыг чи өөрөө өөртөө л бий болгосон, бусдад хэзээ ч битгий нялзаагаарай. Зөвхөн өөр лүүгээ хараарай гэдгийг л хэлмээр байна. Өөр зүйлгүй дээ. Үнэхээр баярлалаа та бүхэнд.
Чин сэтгэлээсээ хэсэгхэн хором бидэнтэй илэн далангүй ярилцаж бодол санаагаа хуваалцсан таньд маш их баярлалаа. Танд болон таны гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.