Баруун 4 зам, Элба дэлгүүрийн зүүн хойно, Ренталон 300а, УБ хот, МУ

БҮҮ МАРТ ТА ЗОГСОХГҮЙ БОЛ АРХИ ЗОГСОХГҮЙ

/ЭНЭХҮҮ НИЙТЛЭЛ НЬ 2020.06.29-нд БЗД-ийн ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ВЕБСАЙТАД АНХ НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ БОЛНО./

Архийг хэтрүүлэн хэрэглэдэг хэрнээ өөрийгөө өмөөрч, дөвийлгөж, би зохистой хэрэглэгч, би хүссэн үедээ архийг уухаа больж  чадна гэдэг үгээр өөрийгөө хуурч, амьдралаа үрэн таран хийсэн олон эмгэнэлт жишээ та бидний дунд байдаг билээ.

Өөрийгөө архины хамааралтай, архинд донтох өвчтэй гэдгийг л хүлээн зөвшөөрч чадалгүй, омголон зан гаргасан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, тэдний дотоод сэтгэлийн талаар мэдэхээр БЗД-ийн ЭМТ-ийн Сэтгэц наркологийн багийг зорилоо.

Гэхдээ энд ирж үйлчлүүлж буй иргэдийн мэдээллийг нууцлан чанадлан хадгалдаг учраас тийм ч нээлттэй биш. Тус баг нь Монгол дахь АА нийгэмлэгтэй хамтран ажилладаг. Энэ нийгэмлэгт архины хамаарлаас өөрсдийгөө ангижруулж чадсан, ялан дийлсэн хүмүүс бусдад өөрсдийн түүхээ уудлан ярилцаж, урам зориг өгдөг гэж энгийнээр ойлгож болно. Гэхдээ тэд хэнд ч зөвлөхгүй, заахгүй, шашин сурталчлахгүй, шүүмжлэхгүй байх алтан дүрэмтэй.

Мөн АА нийгэмлэг нь архинаас гаргадаг газар биш, уухгүй байх боломжтойг л хэлдэг гэдгийг ойлгох нь чухал юм.  

Бодит жишээ №1

АА НИЙГЭМЛЭГ ДЭЭР ОЧООД ЭХНЭРЭЭ ЗОДДОГ, АРХИ НЭХДЭГ ГЭЭД БҮХНЭЭС НУУЦАЛДАГ “ҮНЭНТЭЙГЭЭ” УЧИРЧ, НҮДЭЭ НЭЭСЭН

Дээр дурдсанчлан нууцын зэрэглэл өндөр гэдгийг дахин сануулъя. Энд өгүүлэх түүхийн тухайд нэр болон насыг өөрчилсөн болно.

44 настай, эрэгтэй Г гэгч. Тэрбээр гашуун дарсыг анх 8 настайдаа амсаж байж. Тухайн үед хөдөөний бор хүүд зурагтаар гарч байгаа оросын хааны тансаглал ихээхэн таалагдаж, өөрийгөө тэр мэтээр төсөөлөн архинд шуналтах болсон гэв.

Архины эрчимжсэн хэрэглээ түүний амьдралын 20 жилийг үрэн таран хийсэн. Энэ бүх хугацаанд буюу идэр залуу насандаа хайрт гэргий, хөөрхөн үрсээ олон шөнө нойргүй хонуулсандаа харамсдаг тухайгаа тэрбээр хүүрнэсэн. Ямар их тэвчээр, цөхрөл, гомдол түүний гэр бүлийнхэнд байсныг үгээр хэлэх боломжгүй юм. Өөрөө ч тэр талаараа ярихаас одоо ч айдаг гэдгээ хэлж байлаа. “Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажиллаж хөдөлмөрлөсөн гэргийгээ тайван амраалгүй шөнөжин агсам тавьж, гар хүрч байсан тэр бараан өдрүүдийг яаж тэр минь туулаа вэ дээ. Үр хүүхдийнхээ уйлах дуу, арслан барс шиг архирч байсан өөрөөсөө жигшиж, зэвүүцдэг” гэв. Харин тэр архинаас татгалзаад өдгөө долоо дахь жилтэйгээ золгож байна. Анх АА нийгэмлэг дээр ирж байхдаа “Энэ хүмүүс бол адгийн архичид. Энэ газар ч миний байх ёстой газар биш. Юугаа яриад байгаа хүмүүс вэ” гэчихээд гараад явсан удаатай. Үүнээс хойш гурван жилийн дараа дахин тус нийгэмлэгийг зорьжээ. Учир нь “Алдах юмтай хүн зогсох боломжтой” гэдгийг тэрхэн мөчид ухаарсан байна. Ингээд хоёр дахь удаагаа нийгэмлэгийн үйл ажиллагаан дээр очихдоо тэр өөрчлөгдсөн юм. Тэнд яригдаж байгаа бүх зүйлээс өөрийгөө хэрхэн араатан мэт аашилдагийг харах шиг болж, бүхнээс нууцалдаг “үнэнтэйгээ” учирсан гэхэд болно. Эхнэрээ зоддог, архи нэхдэг, байнгын хамааралтай гээд тэнд нуух зүйлгүйгээр бүгд илэн далангүй ярилцаж байсан нь түүнийг нүдээ нээх хөшүүрэг болсон гэлтэй. Одоо тэрбээр үр хүүхдүүдээ тойруулан аз жаргалтайгаар урагш гишгэлж явна.

Бодит жишээ №2

ЭЭЖ ЭЭ БИ ТАНД ДАСАХГҮЙ БАЙНА. ТАМХИА ЗУУГААД ЗУУХНЫ ӨМНӨ СУУГАА ДҮР ОДОО Ч ХАРАГДДАГ

Энэ удаад дан ганц эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүд хүртэл энэ гашуун дарсанд дурлаж байгаагийн тод томруун жишээг хүргэе.

58 настай А. Энэ хүн архийг орхиод 10 жил болсон. 18 настайдаа анх амссан тэрбээр 30 жил “архинд дарлуулжээ”. Архины хамаарал, сэтгэцийн өвчлөлд хүрсэн гэдгээ тэр 30 жил өөрөөсөө нуусан. Нуусан ч гэж дээ мэддэг ч өөрийгөө өмөөрдөг, энэ бүхнийг хүлээн зөвшөөрөөгүй гэж хэлж болох юм. Тэр ганц охинтой түүнийхээ нүдэнд, сэтгэлд байнгын согтуу, тамхи зуусан чигээрээ хадгалагдан үлдсэнийг охин нь одоо ч дурсан ярьдаг гэнэ. “Ээж ээ би танд дасахгүй байна. Тамхиа зуугаад зуухны өмнө суугаа дүр одоо ч харагддаг” гэж хэлж байжээ. Аргагүй шүү дээ ухаан орсон цагаас нь байнга шахуу тийм л дүр зураг түүнийг хүрээлж байсан тухай “А” хэлсэн юм.  

СЭТГҮҮЛЧИЙН ӨНЦӨГ

“Архичин хүн нь  хүндээр  өвчилсөн бөгөөд тэр чинээгээрээ нарийн мэргэжлийн  эмчилгээ хийгдэх шаардлагатай гэдгийг гэр бүлийнхэнд нь ойлгуулах нь чухал юм”

Эдгээр хүмүүстэй уулзахад архидалт нь өвчин гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болох нь маш ойлгомжтой болсон юм. Өөрөөр хэлбэл тухайн хүн болон түүний гэр бүл энэ тухай ойлгох нь нэн тэргүүнд тавигдах шаардлага гэдэг нь тодорхой боллоо. Хүн оюун ухаанаараа өөрийгөө удирддаг гэх боловч архи хэмээгч нь өөртөө донтуулж, “ганцхан” удаа  “ингээд больё” гэдэг үгээр өөрийгөө хуурахад хүргэдэг аюулт тахал болсон байна. Энэхүү тахалд нэрвэгдсэн хэн боловч өөрийгөө өвчтэй болсон гэдгийг хүлээн зөвшөөрч, архидалтаас ангижрах нь зүйтэй гэдгийг дахин сануулъя.

Хор хөнөөл нь зөвхөн танд бус таны ойр дотны хэн бүгдэд маш хүчтэйгээр нөлөөлж байдаг. Хэнээс ч илүү хайрлаж, дурлаж байсан эхнэр эсвэл нөхрөө та адгийн муухайгаар хэлж, гар далайх энүүхэнд. Үр удмыг тань залгах үрээ өшиглөж, занчих ч танд асуудал биш. Энэ бүхний гол буруутан нь таны өвчин. Өвчнөөсөө ангижрахыг хүсвэл та Монголын Архичид Аминчлахуй Нийгэмлэгт хандах боломжтой. Хамгийн гол нь та өөрийгөө өвчтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн цагт аминчлан ярих бусдынхаа яриаг ойлгох болно гэдгийг бүү мартаарай.

Тэдэнтэй холбогдохыг хүсвэл тус нийгэмлэгийн төвийн 301056 утсанд хандаарай. 

БҮҮ МАРТ. ТА ЗОГСОХГҮЙ БОЛ АРХИ ЗОГСОХГҮЙ.