Арванхоёрдугаар уламжлал: Хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах нь манай бүх уламжлалын оюун санааны гол тулгуур юм. Тэрчлэн, хувийн зан чанарт бус зарчим дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулах ёстойг бидэнд байнга сануулдаг.
“А.А. бүлэгт хувийн мэдээллийн нууцлалыг хадгалахын чухал ач холбогдол юу вэ? Яагаад нэрээ нууцлах явдал нь уг нөхөрлөлийн цаашдын оршин тогтнол, өсөлт хөгжлийг баталгаажуулах цорын ганц үндсэс суурь болж өгдөг вэ?
Хэвлэл мэдээлэл, радио, телевиз болон интернэтийн түвшинд хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах явдал нь А.А. нийгэмлэгийн бүх гишүүдийн эрх тэгш байдлыг тодорхойлж өгдөг. Өөрсдийн нэрийг нууцлах нь бидний хэзээ хэзээгүй дүрэлзэн гарч ирэх аминч үзэл, эрх мэдэл, нэр хүнд олж авах гэсэн хувийн хүслийг маань дарж өгдөг. Нэрээ нууцладаг уламжлал маань мэдээлэл түгээж байгаа хүн биш харин А.А. хөдөлгөөний гол үзэл санаа нь чухал гэдгийг харуулахад чиглэсэн болно.
Хувь хүний түвшинд нэрээ нууцлах явдал нь бүх гишүүдийн хувийн асуудлын нууцлалыг чандлан хамгаалах зорилготой юм. Энэ нь нэн ялангуяа шинээр ирж буй гишүүдийн хувьд чухал ач холбогдолтой юм. Учир нь, тэдний нөхцөл байдал олон нийтэд тарах вий хэмээн болгоомжилсны улмаас А.А-ийн төвд хандан ирж тусламж авахаас татгалзаж магадгүй юм.
Онолын үүднээс авч үзэхэд, нэрээ нууцлах зарчим нь ойлгомжтой зүйл мэт харагдах боловч амьдрал дээр хэрэгжүүлэхэд тийм ч хялбар биш байдаг. А.А. бүлгийн туршлагаас цуглуулсан зарим ерөнхий чиглэлийн зааварчилгааг дор нийтэллээ.
Олон нийтийн хүрээнд нэрээ нууцлах нь
Радио, телевиз, кино интернэт дээр А.А. нийгэмлэгийн гишүүн гэж гарахдаа бид өөрсдийн нүүр царайгаа харуулдаггүй, мөн овог нэрээ өгдөггүй. Ном хэвлэл, имэйл болон вэбсайт дээр бид өөрсдийгөө нэр болон овгийн эхний үсгээр тодорхойлдог.
А.А-гийн бус уулзалтын үеэр А.А-г төлөөлөх үедээ өөрсдийгөө нэр болон овгийн эхний үсгээр танилцуулдаг. (“А.А-ийн бус уулзалтын үеэр ярих нь” гэдэг А.А. товхимолыг үзнэ үү)
Бид шуудангаар явуулж буй захидлыг дугтуй дээр, тэр байтугай А.А-д зориулагдсан захидал баримт бичиг дээр ч “А.А.” гэж хаягладаггүй. А.А-ийн мэдээллийн самбар дээр байрлуулах материал эсвэл олон нийтэд зориулж А.А. хөтөлбөрийн талаар бичсэн материал дээр гишүүдийнхээ овог, албан тушаал, цол хэргэмийг (“ламтан”, “профессор”, “түрүүч” гэх мэт) огт тавидаггүй.
Нэрээ нууцлалтыг АА бүлгийн түвшинд ойлгох нь
Бид бүлгийнхээ хүрээнд өөрсдийнхөө овог нэрийг ашиглаж болно. Ингэхдээ бусад гишүүдийн нэрээ нууцлах эрхийг хүндэтгэн үзнэ. Зарим бүлгийн хувьд гишүүдээс сайн дурын үндсэн дээр өгсөн нэр болон утасны дугаарын жагсаалтыг хадгалдаг бөгөөд энэ жагсаалтыг зөвхөн бүлгийн гишүүд л ашиглах боломжтой.
А.А. цуглаан дээр хэлсэн хувийн мэдээллийг бид цааш нь задруулдаггүй. “Аноним” гэдэг үгээр бид хувь хүний нууцыг чандлан сахихаа амлаж байгаа билээ. Архинаас яаж гарсан тухай яриа бол бидний үнэн сэтгэлээсээ хуваалцдаг цорын ганц яриа юм.
А.А. нийгэмлэгийн гишүүдийн нэрийн нууцлагдмал байдлыг чандлан хамгаалах асуудалд анхаарал болгоомжтой хандахыг зөвлөдөг билээ. Гэсэн хэдий ч хувийн харилцаа холбоотой байдаг архичин бус, эрүүл хүмүүс болон архинд орсон байж болзошгүй хүмүүст өөрсдийгөө (А.А. гишүүдийн нэрийг олон түмэнд илрүүлэлгүйгээр) эрүүлжиж буй архичид гэж танилцуулж болно. Ийнхүү өөрсдийгөө танилцуулж, нээлттэй байдлаар хандах нь хөтөлбөрийн тухай мэдээг түгээхэд тус болж магадгүй юм.
Олон нийтэд тарж илчлэгдэх эрсдэл ихтэй тул А.А-ийн уулзалт, ярилцлагын үеэр видео бичлэг хийхээс татгалздаг. 1980 онд хийсэн Ерөнхий хуралдаанаас санал болгосны дагуу А.А. гишүүдээс өгөх ярилцлагыг биеэр очиж хийж байх нь зүйтэй юм. Учир нь, видео бичлэг хийх тохиолдолд хүмүүс хувь хүний зан чанарыг зарчмын өмнө тавих хүсэлд автдаг тул улмаар Архичид Амиинчлахуй нийгэмлэгийн хүрээнд “од” бий болгох гэсэн тогтолцоо үүсэн бий болохоос урьдчилан сэргийлэх нь зүйтэй юм.
Энэхүү чухал уламжлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол “Нууцлалын ач холбогдлыг ойлгох тухай” товхимолыг үзнэ үү.